Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны тавын даваа өндөрлөж, улсын начны болзлыг 17 бөх хангалаа. Улмаар зургаагийн даваа дуусахад, зургаан Харцага "төрлөө". Тодорхой хэлбэл, Завхан аймгийн Яруу сумын харьяат бөх, цэргийн арслан М.Лхагвагэрэл улсын гарьд Б.Гончигдамбаар, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат бөх, аймгийн арслан Г.Бадрах улсын начин Б.Эрдэнэхүүгээр, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат бөх, улсын начин Л.Лха-Очир шинэ улсын начин Х.Оргилболдоор, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат бөх, улсын начин Б.Серик шинэ улсын начин Б.Сумъяабатаар, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат бөх, улсын начин О.Мөнх-Эрдэнэ шинэ улсын начин Б.Түмэндэмбэрэлээр, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат бөх, аймгийн заан Ц.Бямба-Отгон шинэ улсын начин Э.Батмагнайгаар зургаа даван, улсын харцага цолны болзол хангасан байна.