Баяр наадмын үеэр Цагдаагийн байгууллага хэрхэн ажиллаж байгаа талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү мэдээлэл өглөө. Тэрбээр "Энэ жилийн наадам нэлээд өргөн дэлгэр зохион байгуулалттай болж байна.Өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд 25, Хүй долоон худагт 6 хүүхэд эцэг эхээсээ төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өглөө. Иймд бага насны хүүхдээ дагуулан наадаж буй эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдээ гараасаа хөтлөх, хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Цагдаагийн байгууллагын хувьд, ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар нийт цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байна. Мөн хөдөө орон нутагт сум, аймгуудын наадам ч зэрэг болж байгаа учраас тэнд мөн хамгаалалтын ажлыг зохион байгуулж буй. Үндэсний их баяр наадам болж буй Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт цагдаагийн байгууллагын нийт 3 000 гаруй алба хаагч наадамчин олныгоо гэмт хэрэг, зөрчилгүй дэг журамтай сайхан наадах чиглэлд ажиллах байна.
Мөн баярын өдрүүдэд амралтын олон хоног давхцаж байгаа тул хотын ойролцоо Туул гол болон рашаан сувилал, амралт зугаалгын газруудаар аюул ослоос урьдчилан сэргийлэх чиглэлд, орон нутгийн замд хөдөлгөөний эрчим их байгаатай холбоотойгоор Тээврийн цагдаагийн алба хаагчид хөдөлгөөнд зохицуулалт хийж, зам тээврийн ослоос сэргийлэхээр ажиллаж буй. Нэг зүйлийн онцолж хэлэхэд, жил ирэх тусам иргэд дэг журам, ухамсартай наадаж байна. Та бүхэн санаж байгаа бол маш олон цагдаагийн хамгаалалт гардаг байсан бол одоо командлагчийн зүгээс аль болох цагдаагийн алба хаагч цөөн хүчээр, ингэхдээ бэлэн байдлыг хангуулан ажиллалаа.
Жилээс жилд наадамчин олон маань ч дэгтэй сайхан наадаж байгаад баяртай байна. Гэхдээ магадгүй халаасны хулгай, хүүхэд төөрөх зэрэг асуудлууд бий. Энэ бүхэн дээр цагдаагийн алба хаагчид урьдчилан сэргийлэн ажиллана" гэв.