Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгийн даваа эхэллээ. Нэгийн даваанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, даян аварга Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбат, П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр нараар манлайлуулсан 1024 бөх зодоглохоор бүртгүүлсэн. Гэвч Дархан аварга А.Сүхбат бөхийн барилдааны баруун талын тэргүүн магнайд гарах гэж нэлээд маргалдлаа. Тэрбээр эрэмбээрээ эхэлж гарах ёстой гэдэг байр сууриа баяр наадмын комисст гаргасан байна. Харин Наадмын салбар комисс, Үндэсний бөхийн холбооноос гаргасан эрэмбийн дагуу Дархан аварга Г.Өсөхбаяр баруун жигүүрийг магнайлах нь зөв гэж үзэв. Улмаар А.Сүхбат аварга үүнийг эсэргүүцэн, баяр наадамд барилдахаас татгалзжээ, зүлэгт ногоон дэвжээг орхин гарлаа.
Түүнчлэн Х.Баянмөнх аваргын хүү, улсын гарьд Б.Гантогтох энэ жилийн наадамд барилдахаар бүртгүүлсэн ч тодорхойгүй шалтгааны улмаас барилдсангүй. Төв цэнгэлдэхийн тайлбарлагч гарьдын нэрийг хэдэнтээ зарласан ч гарч ирсэнгүй. Улмаар нэгийн даваанд түүнтэй учраа таарсан Говь-Алтай аймгийн Бигэр сумын харьяат бөх, залуу бөх М.Ганзоригийг давсанд тооцлоо.