“Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын азарганы уралдааныг Монгол Улсын Манлай уяач Б.Нямжавын хээр азарга өнгөллөө. Хоёрт, Дамбын Хишигжаргалын охин Монгол Улсын Тод манлай уяач Х.Аминхишигийн хүрэн халзан азарга давхилаа. Гуравдугаарт, П.Батсайханы зээрд халзан азарга орж ирлээ. Дөрөвдүгээрт, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Ууганбаярын хүрэн азарга хурдалсан бол Монгол Улсын Манлай уяач Г.Батболдын халтар азарга тавд давхиж айрагдлаа.
Түрүү азарганы эзэн Б.Нямжав "Сэтгэл маш өндөр байна. Улсын наадамд олон газрын уяачид хурдан хүлгүүдээ сойдог. Тийм болохоор түрүүлнэ гэдэгтээ бүрэн итгэлгүй байв. Гэхдээ сэтгэгдэл маш өндөр байна. Хээр азарга маань улсын наадамд хоёр дахь удаагаа түрүүлж байна. Өмнө нь 99 жилийн ойгоор түрүүлсэн бол одоо 100, 101 жилийн ойгоор мөн түрүүллээ" гэв.
Зургаад, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Д.Даянчимэдийн нарт хонгор азарга
Долоод, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Ч.Болд-Эрдэнийн хээр азарга
Наймд, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат С.Гал-Эрдэнийн нандинхонгор азарга
Есөд, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Д.Отгонлхагвын хүрэн азарга
Аравт, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Ц.Буянбаатарын хүрэл халзан азарга тус тус хурдаллаа.