Өнгөрсөн шөнө түр зуурын хүчтэй бороо орсны улмаас Геодези, усны барилга, байгууламжийн газар /ГУББГ/ ОНӨААТҮГ-ын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 10 орчим дуудлага иржээ. Тодруулбал, Баянгол дүүрэг дэх Улаанбаатар өртөө буюу Вокзал орчимд гуравдугаар коллекторын сувгаас ус хальж, хоёр аж ахуйн нэгжийн агуулахад орсон гэх дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтэс болон ГУББГ-ын шуурхай албаныхан газар дээр нь ажиллалаа. Тэд дуудлагын дагуу өнөө өглөөний 07:00 цагаас хойш үерийн дараах хариу арга хэмжээг авч, нийт 950 тонн гаруй ус соруулаад байна. Ус хальсан суваг болох гуравдугаар коллекторын эргэлтийн хэсэг ахуйн хог хаягдлын улмаас бөглөрч, улмаар борооны усаар дүүрч, хальсан аж. Гуравдугаар коллектор нь Нарны гүүрнээс урагш гарсан, 4-5 км урттай, олон суваг холбогддог далд шугам сүлжээ юм. Уг шугам ачааллаа дийлэхгүй байсны улмаас 2019 онд шинэчлэн, далд сувгийг ил гарган бүрэн цэвэрлэсэн.
Энэ оны хувьд тухайн сувгийг долдугаар сарын 18-28-ны хооронд цэвэрлэхээр төлөвлөжээ. ГУББГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Нийслэлийн Засаг даргын зүгээс ус соруулах насос, тусгай тоноглолын машинуудыг нэмж өгсөн. Үерийн улмаас тогтсон их хэмжээний усыг соруулах үед тус машин, техникүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой. Гэвч одоо байгаа шугам сүлжээнүүд 1980, 1990-ээд оны хот байгуулалт, төлөвлөлтөөр хийгдсэн тул 70 орчим хувийнх нь насжилт хэтэрч, шинэчлэх шаардлагатай болсон. Иймд хүчтэй орсон усархаг бороо, үерийн улмаас сувгууд халих өндөр эрсдэлтэй байна” хэмээн онцоллоо. Борооны ус зайлуулах шугам сүлжээг цэвэрлэх ажил 70 хувьтай байна. Тухайлбал, Баянмонгол хороолол, Вокзал, Нарны зам орчмын шугам сүлжээний ил сувгийг цэвэрлэж дуусжээ. Харин далд шугам сүлжээг хуваарийн дагуу Үндэсний их баяр наадмын дараа хийх юм. Иргэд, аж ахуйн нэгжүүд ахуйн хог хаягдлаа ил задгай хаях нь борооны ус зайлуулах шугам сүлжээ бөглөрөхөд нөлөөлж буй тул хогоо ил задгай бус, зориулалтын хогийн саванд хаяхыг холбогдох албаныхан анхааруулж байв.