Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Ийнхүү Үндэсний их баяр наадмыг угтуулж хоёр өдөр дараалан шагналын хур буулгасан юм. Энэ өдөр Хөдөлмөрийн баатар цолыг Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Гавьяат малчин О.Дорж, АШУҮИС-ийн зөвлөх багш, анагаах ухааны доктор, Ардын эмч Ж.Баасанхүү, Монголын концертын төвийн тэргүүн, Ардын жүжигчин Д.Ухнаа, Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын малчин, Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан Д.Шоовой, Сэлэнгэ аймгийн “Ой ан төв” үйлдвэрийн газрын дарга асан, Ойн гавьяат ажилтан Б.Жамсран нарт хүртээв.
ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн зөвлөх, доктор, профессор, Гавьяат багш П.Санжид, зурхайч, шинжлэх ухааны доктор, профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Тэрбиш, МУИС-ийн зөвлөх профессор, Шинжлэх ухааны гавьяат ажилтан О.Лхагваа нар Ардын багш болов.
Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн зөвлөх инженер А.Юмжээ, “Хаан шаглаа” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Ц.Батжаргал, “Өсөх зоос” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Чинбат нарт Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол олгов. Ахмад багш Г.Оюун Гавьяат багш, ДХИС-ийн Хилийн аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор А.Муратхан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн болсон. Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолыг “Энэрэл” дээд сургуулийн багш, халдвар судлаач, хоолзүйч эмч Д.Бат-Очир, Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга асан, Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн зөвлөх эмч Я.Буянжаргал нарт хүртээв. Соёлын гавьяат зүтгэлтэн цолыг Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн, “Нэпко” ХХК-ийн зөвлөх Б.Болдбаатар нарт олголоо.
Төр, засгийн үйлчилгээний авто баазын жолооч Б.Очирбал Гавьяат тээвэрчин, “Буянт-Ухаа” спортын ордны захирал, олон улсын хэмжээний мастер Л.Энхбаяр Гавьяат тамирчин, “Монхангай” группийн ерөнхийлөгч С.Сэргэлэн Худалдааны гавьяат ажилтан боллоо. Гавьяат уурхайчин цолыг “Энержи ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлд хүртээсэн. “Танайд мод тарья” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Батболд Байгаль орчны гавьяат ажилтан болсон бол ҮУИТ-ын гоцлол дуучин Ц.Түмэнжаргал, “ДОЗ энтертайнмент”-ын захирал, жүжигчин Ш.Доржсүрэн, ҮУИТ-ын гоцлол бүжигчин Ж.Мандухай нар Гавьяат жүжигчин болов.
ХӨСҮТ-ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал, их эмч М.Тунсаг Хүний гавьяат эмч, “Боржин суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал, сийлбэрч Ж.Түвшинжаргал Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнууллаа.
Төр, захиргааны байгууллагын ахмад ажилтан Т.Дашдэлэг Үйлчилгээний гавьяат ажилтан, “Мотоблок” ХХК-ийн зөвлөх инженер Т.Тогтох Гавьяат барилгачин, Баянхонгор аймгийн “Өлзийт” мэргэжил сургалт, үйлдвэрийн төвийн захирал С.Бямбадорж, СЭЗИС-ийн зөвлөх профессор Н.Бадамрагчаа нар Гавьяат багш цол хүртэв.