Наадмын үеэр олон хоног амрах тул хөдөө явна, аялна, зугаална гэсэн хүн олон байна. Баярлах гэдэг нь сэтгэл хөдлөлийн нэг хэлбэр билээ. Тиймээс замд гарахаар завдаж буй бол сэтгэлээ төвшитгөж, аливаад адгалгүй, аль болох тайвнаар хандаж, явдал суудлаа засах нь аянд гарахад ч, амарч зугаалахад ч тустайг сануулах нь илүүдэхгүй биз ээ. Энэ жилийн наадмын өмнө Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанаас улс даяар “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” нэрийн дор жолооч нарт хурд хэтрүүлж явахгүй байхыг анхааруулж, уриалсан арга хэмжээ зохион байгуулж байгаа нь үр дүнгээ өгч буй мэт. Орон нутагт аялж яваа хүмүүс дунд энэ уриаг хэлж, бусдадаа сануулга өгсөөр байгаа нь сайн хэрэг. Хүн хэлэхээс наашгүй гэдэг болохоор ингэж бие биедээ нөлөөлөхийн хэрэг, ач тус гарах буй за.
Гэсэн ч анзааргагүй жолооч нар байна. Аймшигт осол ар араасаа гарс байна. Тээврийн цагдаагийн алба энэ сарын 2-4-нд л гэхэд 703 дуудлага, мэдээлэл хүлээн авсан бөгөөд тэр дунд зам, тээврийн ослын шинжтэй нь 448 байжээ. Хүний амь хохирсон, биед нь гэмтэл учирсан тухай дуудлага 33 бүртгэгдсэн байсан. Ослын улмаас нийслэлд 13, орон нутагт 23 хүн гэмтжээ. Улаанбаатарт дөрөв, орон нутагт мөн дөрвөн хүүхэд бэртсэн бөгөөд орон нутагт найман хүн ослын улмаас нас барсан. Энэ хүмүүс машинтайгаа онхолдсоны улмаас амиараа хохирсон. Ер нь зун болсноос хойш орон нутгийн замд осол олонтоо гарч буй тул иргэд нутаг руугаа, аяллаар аймгуудыг зорихдоо ч замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сануулсаар байгаа юм. Мөн эднийхээс иргэд, жолооч нарт замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон авч яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөлийг тооцож, хурдаа 80 км/ц-аас хэтрүүлэхгүйгээр явахыг зөвлөж байна.
Аялахаар завдаж буй хүмүүс өнөөх коронавирус хаа сайгүй байгаа гэдгийг ямагт санаж, анхаарлаа сарниулахгүй байх учиртай. Уржигдраас өчигдрийн хооронд улсын хэмжээнд “Ковид-19”-ийн халдварын 59 тохиолдол бүртгэгдсэн. Мөн дэлхий даяар халдвар нэмэгдсээр, бүртгэгдсэн тохиолдол сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд өмнөхөөс 30 хувиар өссөн гэсэн мэдээлэл байна. Энэ аюулт өвчний хор хохирлыг мэдэхгүй биш, хэн хүнгүй дор бүрнээ сэрэмжтэй, хянгамгай байхаа мэдээрэй.
“Олон үглэх” бас нэгэн шалтгаан бий. Ус ихтэй зун байх төлөвтэй байна. “Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон, Сэлэнгийн сав газраар дуу цахилгаантай аадар бороо орно” гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас байнга мэдээлж байгааг сонсож байгаа юу. Уулархаг нутгаар бороо ороход гол, мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюул нүүрлэдэг. Гарамгүй газраар унаа тэргээр, мориор, бүр завиар ч болов гол гарахыг оролдохын хэрэггүй. Сүүлийн үед өргөнөөр худалдаж буй хийлдэг завь нь тогтмол нууранд хөвүүлэх зориулалттай болохоос биш, уулнаас эх авдаг гол, мөрөнд тохиромжгүй, үл ялиг шалтгаанаар хөмрөх аюултайг онцгой байдлын албаныхан сануулсаар ирсэн. Энэ мэтийн мэдээллийг чихний хажуугаар өнгөрүүлэлгүй, хэрэг болгон тусгаад аваарай. Ийм завьтай явж байгаад усанд осолдсон тохилдол олон гарсан билээ. Ердөө хэдхэн хоногийн өмнө Буйр нууранд мөн ийм завьтай 2-22 насны таван иргэн алга болсон бөгөөд тэднийг эрэн хайх, аврах ажиллагааг сум дундын цагдаагийн тасаг, хилийн цэргийн… дугаар анги, хилийн II застав, сумын Гал унтраах 62 дугаар ангийн алба хаагчид хамтран зохион байгуулснаар улсын усан хилийн ойролцоо эсэн мэнд хөвж байсныг олсон. Тэднийг азтай хүмүүс гэе. Харин найдваргүй завь хөлөглөсөн бүхэнд аз тохиохгүй гэдгийг санаж болгоомжтой байя.
Дараагийн асуудал бол хоол хүнс юм. Энэ тухайд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд байн байн мэдээлж, сэрэмжлүүлсээр байгаа бөгөөд баяр наадмын өдрүүдэд хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх тухайд ийнхүү зөвлөж байна. Хоол, хүнс цэвэр байх ёстой. Гараа угааж, хоол, унданд хүрэх, эсэх нь үүнд ихээхэн хамаарна. Гарын ариун цэвэр ямар чухал вэ гэдэг нь цар тахлын сургамжаас харагдсан байна. Өнгөрсөн хоёр жилд хоолны хордлого, гэдэсний халдварт өвчний тохиолдол эрс буурсан нь үүнийг нотлох аж. Мөн хүнсээ тавих гадаргууг цэвэр байлга гэлээ. Хүнсний бүтээгдэхүүн борлуулах орчин маш цэвэр байх шаардлага үүнд хамаарна. Түүхий хүнсийг тусгаар байлгах ёстой аж. Түүхийг болсонтой нэг дор байлгах нь хоолны хордлого гарах шалтгаан болдог байна. Аливаа хоолыг гүйцэд чанаж болго гэж зөвлөлөө. Мөн зохих хэмд хадгалах ёстой. Орчны температур бага зэргийн хэмжээгээр өөрчлөгдөхөд бүтээгдэхүүний шинж чанар алдагдаж, өвчин үүсгэгч өсөж үржих таатай орчин бүрддэг аж. Ялангуяа мах, сүү, өндөг болон салат зэрэг хоолыг зохих хэмд хадгалах шаардлагатай. Эдгээр нь уураглаг хүнс бөгөөд эмзэг. Баталгаат хүнс хэрэглэхээ мартав. Ил задгай байлгах ёсгүй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байхыг анхааруулж байна. Гадил, ер нь түргэн мууддаг жимсийг ил задгай худалдаж байвал тойроод өнгөрөхийг санууллаа. Зайлшгүй санаж байх бас нэгэн зөвлөгөө бий.
Хэт халуун үед уух шингэнээ өөрөө бэлдэж авч явах ёстой юм байна. Усаар дамжих гэдэсний халдварт өвчин их тул голын эргээр аялж амарч байхдаа голын түүхий ус ууж болохгүй гэлээ. Хэрэгцээтэй үед заавал буцалгаж уух ёстой аж.
Мөн тус байгууллагаас болзошгүй осол, гэмтлээс сэргийлэхийг онцгойлон сануулав. Амралт зугаалга эхэлж, баяр наадам болоход осол, гэмтлийн тоо эрс нэмэгддэг. 2021 онд улсын хэмжээнд осол, гэмтлийн шалтгаант өвчлөл 142, 442 шинээр бүртгэгдэж, 3026 хүн нас барсан байна. Насаар нь авч үзвэл 25-29 насны залуус болон тав хүртэлх насныхан осол, гэмтэлд илүү өртсөн байжээ. Иймд голын эрэг дагуу амарч, зугаалахдаа бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, нуурын усанд орохгүй байх, гарамтай газраар гол гатлахыг анхааруулав.
Түүнчлэн орон нутгийн замд зорчих дундаж хурдыг таван хувиар л бууруулахад зам, тээврийн осол гарах эрсдэл 30 хувиар багасна гэж тэд мэдэгдсэн нь Тээврийн цагдаагийн албаныхнаас анхааруулж, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” хэмээх арга хэмжээний агуулга, зорилготой нийцэж байна.
Наадмын үеэр нийслэлд байх хүмүүст дуулгах нэгэн мэдээлэл байна. Сүүлийн өдрүүдэд хотод хэд хэдэн хүн могойд хатгуулжээ. Энэ нь үерийн усаар дамжиж нийслэлд могой орж ирсэнтэй холбоотой. Хэрвээ могой таарвал ер оролдох хэрэггүй. Өвс ихтэй, хад, асгатай газраар явахдаа түрийтэй гутал, тод өнгийн хувцас өмсөх хэрэгтэй юм байна. Хэрвээ хатгуулбал хөдөлгөөнгүй байж, хатгуулсан хэсгийг чанга боон, эмнэлгийн тусламж яаралтай дуудахыг сануулав.
Ингээд дэлгэр зуны цагтаа ахан дүүс, найз нөхдөөрөө байгалиа хайрлан хамгаалж, хогоо цэвэрлэн, өөрсдөө ч сэтгэл хангалуун, өрөөлд ч үлгэр жишээгээр сайхан аялж, амраарай.