Монголын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Моби дээд лиг” бүтэн улирлын турш өрсөлдөөнтэй үргэлжилсэн. Дээд лигт өрсөлдсөн багуудаас “Хаан хүнс эрчим” клубийнхэн медальгүй хоцорч байгаагүй. Тэд энэ удаа ч гэсэн фанатуудаа огшоолоо. Хөлбөмбөгийн ногоон талбайд 1996 оноос анх зохион байгуулсан “Үндэсний дээд лиг”-ийн түүхэнд 12 удаа аваргаар тодорсон баг тэднээс өөр байхгүй. “Хаан хүнс эрчим”-ийнхэн “Моби дээд лиг”-ийн 18 дугаар тойрогт шилдэг тоглогчдоор хүч сэлбэсэн “Төв буганууд”-ыг 5:0-ээр буулган авч, аваргын алтан цомоо 13 болголоо.
“Улаанбаатар” клубийнхэн дээд лигийн шилдгээр тодрохоор зорьсон ч хоёр дахь удаагаа үзүүрлэж, “Улаанбаатар сити”-гийнхэн хүрэл медаль гардсан. “Дэрэн”, “Төв буганууд”-ын тоглогчид ч медаль шүүрэх боломжтой байсан гэхээр энэ жилийн лиг хэр өрсөлдөөнтэй болсныг харуулав. Аваргын цом өргөсөн багийнхнаас хаалгач Б.Ариунболд, хамгаалагч Г.Билгүүн, довтлогч Мишима Юүта нар шилдгээр тодорч, шилдэг хагас хамгаалагчийн шагналыг “Улаанбаатар” клубийн серби легионер Неманяа Крусевач хүртжээ. Тэмцээний шүүгчдээс АХБХ-ны элит шүүгч Э.Ариунболд талбайн шилдэг шүүгч, МХБХ-ны А зэрэглэлтэй Б.Логьшир шилдэг туслах шүүгч боллоо.