Энэ жилийн наадамд 1024 бөх барилдана. Зодоглох бөхчүүдийг өнөөдөөрс эхлэн 9-ний өдрийг дуустал Монголын үндэсний бөхийн холбоонд бүртгэх аж. Иргэний болон цолны үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр очих юм байна. Мөн хүүхдийн барилдаанд хүч сорих бөхчүүдийг ч гэсэн энэ өдрүүдэд Хүүхдийн ордонд бүртгэх гэнэ. 2006 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг хамруулна. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, хоёр хувь цээж зурагтай очихын сацуу даатгуулсныг гэрчлэх баримттайгаар өөрийн биеэр бүртгүүлэх шаардлагатай ажээ.
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээлснээр уралдаанч хүүхдүүдийг маргаашнаас эхлэн 10-ныг дуустал Хүй долоон хутагт бүртгэх юм байна. Уяачид хүүхдүүдийг дагуулж очих бөгөөд төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн тодорхойлолт, гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр, уралдаанч хүүхдийн карт, эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утасны болон регистрийн дугаар, эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, мөн тэдний, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээг авч очих шаардлагатай аж.