Монголын улаан загалмай нийгэмлэг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, БОАЖЯ-тай хамтран зохион байгуулж буй “Уур амьсгалын өөрчлөлтийн эрин үед иргэний нийгмийн оролцоотойгоор эрүүл мэнд, амьжиргааг хамгаалах нь” сэдэвт олон улсын хурал өчигдөр эхэллээ. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн илгээлтийг уншиж танилцуулав. Хуралдаанд дотоод, гадаадын төрийн болон төрийн бус холбогдох байгууллагынхан, Говь-Алтай, Өмнөговь, Дархан-Уул, Төв аймгийн Улаан загалмайн хороо, малчид, тариаланчдын төлөөлөл оролцлоо. Чуулганы гол сэдэв нь Монгол Улс дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, дасан зохицох бодлого, санхүүжилтийг иргэний нийгмийн оролцоотойгоор хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулахад чиглэв. Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх явцад иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах нь чухал юм. Тиймээс эрдэмтэн, судлаач, идэвхтэн залуус, шинжээч зэрэг иргэний нийгмийн бүхий л оролцогч талыг нэгтгэж, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлохыг зорьжээ.
Цаг уурын өөрчлөлт эрүүл мэнд, амьжиргаанд үзүүлэх нөлөө, залуучуудаар удирдуулсан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагаа болон Монгол Улс дахь эрт хариу арга хэмжээг өргөжүүлэх зэрэг сэдвийн хүрээнд хурлын оролцогчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Мөн БОАЖЯ, Монголын улаан загалмай нийгэмлэг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, иргэдийн амьжиргаа, эрүүл мэндийг сөрөг нөлөөллөөс хамгаалах талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх, иргэд, олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Олон улсын уг хурал өнөөдөр өндөрлөнө.