Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий хүмүүсийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Төрийн шагналыг Ерөнхийлөгч асан, ШУТИС-ийн зөвлөх профессор, доктор, академич П.Очирбат тэргүүтэй уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд олгов. Энэ нь геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, орд, уурхайн ашиглалтын технологи, нээлт, хаалтын менежмент, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг харилцан уялдаатай өргөн хүрээтэй асуудлыг цогцоор нь судлан, геологи, уул уурхайн салбарын үйлдвэрлэл, эрдэм судлал, сургалтад үнэтэй эх сурвалж болжээ.
Мөн Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Ш.Гүрбазарын туурвисан, эх орноо магтан дуулж, эх оронч сэтгэлгээг уншигч олон түмэн, хүүхэд, залууст түгээн дэлгэрүүлсэн “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээв.
Хөдөлмөрийн баатар цолыг Ардын уран зохиолч Т.Галсан, “Анхтамир” ХХК-ийн захирал, Гавьяат тээвэрчин Ш.Норовсамбуу, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Гавьяат холбоочин Д.Готов, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвлээ, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нарт олголоо.
ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн зөвлөх профессор, Төрийн шагналт, Гавьяат багш Д.Содномдорж, УДЭТ-ын уран сайхны удирдагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг нар Ардын багш боллоо. “Саргун-Асрангуй” эмнэлгийн зөвлөх эмч, хүний гавьяат эмч З.Сарайдамба Ардын эмч цол хүртэв.
Гавьяат жүжигчин цолоор уртын дуучин Ч.Намжил, жүжигчин, найруулагч Г.Эрдэнэбилэг, ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очир нарыг шагнажээ. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Байдраг консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Шар, “Витафит инвест” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Жаргалсайхан, “Монгеофизик” ХХК-ийн гүйцэтгэх захирал, геофизикч Б.Дэндэвчулуун, Гавьяат хуульч цолоор Үндсэн хуулийн цэцийн зөвлөх, доктор, профессор Ж.Бямбаа, прокурорын байгууллагын ахмад ажилтан, хуульч Ц.Дамдин нарыг, Гавьяат эдийн засагч цолоор “Үй цай” дунд сургуулийн захирал Д.Цэцэгмаа, Улсын ерөнхий аудитор асан Ч.Раднаа, Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн захирал Н.Энхбат нарыг, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор төр, захиргааны ахмад ажилтан Т.Гантөмөр, Гавьяат барилгачин цолоор Барилга угсралт, материал үйлдвэрлэлийн “Батс-Өргөө” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Баярсайханыг шагнасан. Монголын архитектурын холбооны ерөнхийлөгч, зөвлөх архитектор Э.Хүрэлбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Фридрих-Эбертийн сангийн хөтөлбөрийн менежер Ч.Оюунгэрэл, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч Б.Гантигмаа, МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун, Морин хуурын чуулгын удирдаач, морин хуурч Д.Түвшинсайхан нарыг шагналаа.
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээч С.Аюурбуниаг шагнаж, Гавьяат дасгалжуулагч цолыг Монголын дугуйн холбооны зөвлөх дасгалжуулагч Я.Баатарт олгов. Харин Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Удирдлагын академийн дэд профессор С.Энхсайхан, Морин хуурын чуулгын морин хуурч, хөөмийч Н.Ашид, ҮУИТ-ын бүжигчин М.Бямбаа, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Төрийн цэргийн байгууллагын асуудал хариуцсан ахлах референт, хурандаа Т.Ганбат, нийслэлийн Баянгол дүүргийн лаборатори “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн ахмад ажилтан Ш.Өнөржаргал нарыг шагнасан юм. Цэргийн гавьяаны улаан тугийн одонг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуягт олгов. Мөн энэ өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алтан гадас” одонг 10, Хөдөлмөрийн хүндэт медалийг таван иргэнд зүүж өгч, баяр хүргэлээ.