“Эрдэнэс Монгол” компанийн харьяанд багтдаг, төрийн өмчит “Багануур” ХК-ийн эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдсоор байна. Тус компанийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууны бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж их хэмжээний хахууль авч байсан үйлдлийг нь АТГ-ынхан шалгаж дууссан. Харин “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт уяач Х.Цогнойжамцын үүсгэн байгуулсан “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг хоёр тэрбумаар өсгөн, илүү мөнгийг нь завшсан, “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж буй билээ.
Э.Номинчулуунаас гадна “Багануур” ХК-ийн өөр нэгэн албан тушаалтныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлжээ. Тодруулбал, тус компанийн Санхүү, эдийн засгийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Болд албан тушаалаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж 2018 оны арванхоёрдугаар сарын 2-ноос 2019 оны нэгдүгээр сарын 27-ны хооронд 10 удаагийн вагон тээвэрлэлтээр 40 орчим сая төгрөгийн үнэ бүхий нүүрсийг бусдад өгсөн хэрэгт холбогдсон байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр “Норлин-Очир” гэх компанийн нэрээр нүүрсээ ачуулж, тээвэрлүүлэн “Толгойт”, “Амгалан” өртөөнд хүргүүлж байсан бөгөөд ачааг нь С.Баясгалан, Г.Баасандорж нар хүлээн авч байсан нь тогтоогдсон гэнэ. Өөрөөр хэлбэл дээрх хоёр хүнд давуу байдал бий болгосон хэрэг үйлдсэнийг мөрдөгчид тогтоосон аж.