Өдгөө 82 нас зооглоод буй улсын начин Лувсанцэрэнгийн Хишигсүрэн Булган хангай нутаг дахь төрөлх Хялганат тосгондоо аж төрж байна. Тэрбээр 1960-аад онд үнэн хүчийг үзүүлж, уран мэхийг уралдуулан барилдаж, арслан, аваргуудтай ач тач үзэж, үзэгч түмнээ баясган, цэнгүүлж явсан нэгэн. Насаараа тээврийн жолоо мушгисан тэрбээр “Хоршоолол” нийгэмлэгийн тамирчин байжээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Сайхан зусаж байна уу, та. Хүн бүхэнд анхны, тэр дундаа сумын наадам мартагдашгүй. Таны хувьд зодоглосон анхны наадам гэхээр их л сонин түүх хуучлах болов уу?
-Би хуучнаар Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат хүн. Анх 18 настайдаа сумынхаа наадамд зодоглож явлаа. Хүүхэд байсан учраас томчуудад амлуулаад, хоёр, гурав л давна. Сумын наадам хачин сайхан болно. Наадмынхаа дэвжээг хэд тойрч, сэтгэлээ баясгаж аваад л харьдаг сан.
-Танайх бөхийн удамтай юу?
-Хөдөөгийн хүүхэд бүр багаасаа ноцолдож өсдөг дөө. Ээж минь том биетэй, тэнхээтэй хүн байсан юм. “Бөх эхийн талаа дагадаг” гэж олон буурлын амнаас сонсож байсан. Ээжийн минь буян байх. Өөр удам байхгүй ээ.
-Хэдэн оноос барилдаж эхлэв. Хэн таныг үндэсний бөхөд дурлуулж, чиглүүлсэн бэ?
-1966, 1967 оноос сумаасаа гарч, аймагтаа гайгүй барилдаж эхэлсэн. 1967 онд Булган аймгийнхаа наадамд зодоглож, “тэмээ өргөдөг” хэмээн алдаршсан Бямбын Жамъяндорж арслантай үзүүр, түрүүнд үлдэж, түрүүлсэн юм. Улсын арслан Б.Жамъяндорж гэж лут том бөх байлаа. Энэ үеэс л барилдах сонирхол төрсөн. Улсын заан Луузангийн Нямжав багш минь намайг тоож, анхлан ганц, хоёр мэх зааж байв. Манай нутгийн бөх шүү дээ. 18 аймгийн спартакиадад багштайгаа явж байсан.
-“Барилддаг хүн бүрийн хувьд улсын наадам холын мөрөөдөл” хэмээн нэгэн алдартай бөх ярьсныг саналаа. Анх хэзээ улсын наадамд зодоглож байв?
-Үерийн жил буюу 1966 онд анх улсын наадамд барилдаж, гурав давсан. Гурвын даваанд Ундрахын Пүрэв заанд унаснаа тод санаж байна. Дараа жил нь дахиж барилдаад, дөрөв давсан. Архангайн Далайн Жамц арслангаар дөрөв даваад, Чойжилын Бээжин аваргад унаж байлаа. 1968 онд аймгийнхаа наадамд түрүүлсэн дээ. 1969 онд улсын наадамд зодоглож, тав давсан. Говь-Алтай аймгийн харьяат Шаравын Батсуурь аваргаар тав давсан юм. Дархан аварга намайг нэг сайхан үнэрлээд, “Сайн барилдаарай” гээд тахимаа өгсөн. Булганы гурван “ихэр” начны нэг нь би. 1969 онд манай аймгаас Дамдины Галдандагва, Чимэдийн Лундаа хоёр бас улсын начин цол хүртсэн юм. Сэлэнгэ сумынхаа анхны начин юм, би. Надаас хойш 45 жилийн дараа Дэлгэрсайханы Амарсайхан улсын начин болсон.
-Хаана, ямар галд бэлтгэл хийдэг байсан бол?
-Улсын начин болдог жилээ Сэрээтэрийн Цэрэн, Жигжидийн Мөнхбат, Дарийн Дамдин аваргатай хамт бэлтгэлд гарч байлаа. Таарсан хуваарийнхаа дагуу л Сэлбийн зусланд гарч, тэндээ байрлаж бэлтгэлээ базаасан. Бидний үеийнхэн одоогийнхтой адил нутаг нугаараа нэгдэж, гал болж явсангүй. Нийллээ гэхэд тарвага, зурам л “эргүүлнэ”.
-Аварга, арслангуудтай их таарч барилдаж байжээ. Сонин сайхан түүхээсээ хуучилж болох уу?
-Тийм завшаан таарч байж. Заримд нь унаад, хааяа хаяна. Үргэлж давна гэж юу байх вэ. Нүдэнд харагдаж, сэтгэлд хоногшихоор дурсамж олон л байх ёстой. Одоо ч санах нь ховордоод байна шүү дээ. Хамгийн дурсгалтай нь аймгийн наадамд түрүүлсэн үе. Улсын заан Балчингийн Бадамыг давж, үзүүрт үлдээд, улсын арслан Б.Жамъяндоржийг давж түрүүлсэн юм. Үүний өмнөх жил буюу 1967 онд аймгийн аваргын барилдаан болсон. Бүх сум, аймгийн арслангууд ирлээ. Тэгэхэд улсын арслан Б.Жамъяндорж 10 түрүүтэй, аварга амьтан байв. Би түүнийг давж, 11 дэх жилд нь түрүүлсэн. Тэр үед би хөл мэх их хийдэг, голдуу суйлж, өмсөж, хавсраа, цохио хутгаа хийж барилддаг байлаа.
-Б.Түвдэндорж аваргатай оноолт таарч байв уу?
-Б.Түвдэндорж манай нутгийн Хангал сумаас төрсөн аварга шүү дээ. Сайхан бөх. Оноолт таарч байгаагүй. Надаас олон ах. Намайг барилдах үед хэдийн зодог тайлсан байсан. Таарч үнэрлүүлнэ үү гэхээс биш, барилдаж байгаагүй ээ. Баянхонгор аймаг руу бид нэг наадамд хамт явж байв. Бас манай сумын ойгоор бид хамт зочноор ирсэн явдал бий.
-Та хэзээ зодог тайлсан юм бэ?
-Хамгийн сүүлд 1971 онд улсын наадамд барилдаж, гурав давсан. Тухайн жилдээ самбо бөхийн улсын аваргын тэмцээнд оролцоод, өрөөсөн гар айхавтар бэртчихээд байсан үе. Тэгээд дахиж барилдаагүй ээ. Сум, аймгийнхаа наадамд ч зодоглоогүй. Улсын начин, самбо бөхөөр дэд мастер болсон, тэгээд л зодог тайлсан даа.
-Орон нутагт тань үндэсний бөхөөр хичээллэдэг шавь олон биз?
-Хялганат тосгоны ерөнхий боловсролын сургуулийн захирал уржнан надад сургуулийн секц байгуулахыг үүрэгдэж, хэдэн хүүхэд авчирч, үндэсний бөхийн дасгалжуулагчаар ажилла гэсэн юм. Бас болоогүй ээ, цалинтай. Хүүхдүүдээ ноцолдуулж, мэддэгээ хэлж өгсөн. Харамсалтай нь, захирал маань бурхны оронд одож, би ч секцээ хичээллүүлэхээ болиод, өдгөө гэр зуур л байх шив дээ. Сурагчдаасаа хүүхэд шилж, хоёр ч удаа аймгийн төвд очиж, тэмцээнд оролцсон. Хоосонгүй ээ, зарим нь медаль авсан. Одоо 80 гаруй насны хүн юу хийх билээ. Дахиад хэдэн жил, сар амьдрахыг л бодно шүү дээ. Мэддэгээ хэлж, ярьж л үлдээх юм даа.
-Үр, ач нараас тань бөхийн эрдэмтэй хүн байгаа болов уу?
-Би хоёр хүү, нэг охинтой. Бага хүү сайхан том биетэй, бяр ихтэй. Би хэд хэдэн наадамд дагуулан очиж, барилдуулсан. Гайгүй сайхан барилдчихна л даа. Сумын наадамд ганц, хоёр удаа барилдуулаад, цаашлаад секц, дугуйланд хамруулах гэтэл өөрөө даанч сонирхоогүй. Би ч хүчилж, албадсангүй. Манай хүүхдүүд эхнээсээ 60, 70 хүрч байна даа. Бүстэй хүүхдүүдээс бөх болох хүн алга. Харин дөрвөн настай зээ охин минь юм дуулгаж магад.
-УИХ-аас энэ жил Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн баталлаа. Хуулийн үндэсний бөхтэй холбоотой заалтуудын талаар байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Хуулийн талаар зах зухаас нь сонслоо. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад наадмаар түрүүлсэн бөх, харваачийн цолыг олгохгүй батламж өгнө. Сэргээшийн шинжилгээний хариу гарсны дараа Ерөнхийлөгч цолыг албан ёсоор гардуулна хэмээж байсан. Гэтэл хуулиа батлахдаа наадам дууссан орой цол, чимгийг нь олгохоор тусгажээ. Иргэд үүнийг зөв хэмээн үзэж, талтай байх шиг. Сэргээш хэрэглэсэн бол цолыг хураах нь зөв. Хоёр хүний нэг нь учиргүй хүч орсон бол нөгөөхөө давж л таарна шүү дээ. Үүний оронд өөрийнхөөрөө барилдаад унаж, давахаа үзэх ёстой юм. Биднийг ид барилдаж байх үед сэргээш хэрэглэх нь битгий хэл, сонсож ч байсангүй. Гэтэл одоо элдэв зүйл дуулдах болжээ. Сэргээш хэрэглэсэн л бол буруу шүү дээ. Манайхан гэтэл “Хайрхан сайхан залуу” гэх мэтээр өмөөрөх юм. Хэрэглэсэн л бол хэн ч байсан цолыг нь хураах хэрэгтэй. Допинг ямар ч хэрэггүй зүйл. Бидний үед шударга сайхан барилдаад, элдэв маргаан гарч байсангүй.
-Бас бөхчүүдийн найраа гэх асуудал наадам бүрээр шахам л яригдах юм.
-Бидний үеийнхэн тийм зүйлтэй ороолцолдож явсангүй. Манайхны ахмад бөхчүүд орон нутгийнхаа сайн барилдаж буй залуусыг дэмжээд, нэг даваа ахиулъя гээд тахимаа өгдөг л байсан. Энэ бол найраа биш. Найраа буюу өгөө, аваа гэж тэр үед байсангүй. Шуудхан хэлэхэд, найраанд орж ч явсангүй, найраагаар унаж ч үзсэнгүй. Бөхийн найраа гэдэг чинь 1970-аад оноос эхлэлтэй юм биш үү л гэж боддог.
-1960-аад оны ид хавтай байсан бөхчүүдээс хамгийн сайхан барилдаантай нь хэн байв. Үеийнхээ бөхчүүдтэй холбоотой байдаг уу?
-Улсын начин “дүүгүүр” Дандарын Гомбосүрэнтэйгээ уулзаж, утсаар ярьдаг. Бусдаар бол миний үеийнхэн байхгүй шахам болжээ. Сураглахаас ч бараг айдаг боллоо. Чойдорын Өвгөнхүү харцага гэж уран сайхан барилдаантай бөх байлаа. Жинхэнэ хийцтэй барилдана шүү дээ. Бас Дасрангийн Мягмар зааныг нэрлэж болно. Намайг ид барилдаж байхад Дагвацэрэнгийн Хадбаатар, Хорлоогийн Баянмөнх, Жигжидийн Мөнхбат, Шаравын Батсуурь гээд жинхэнэ хийморьтой, уран мэхтэй аваргууд зүлэг ногоон дэвжээнээ хүч үздэг байв. Хорлоогийн Баянмөнх аваргаас барьц авдаг хүн байсангүй дээ. Үнэхээр сод. Сэрээтэрийн Цэрэн аварга бөхийн 33 шинж төгс бүрдсэн хачин сайхан хүн байлаа.
-Наадам болохоор их догдолдог байх. Баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Хачин их догдолно шүү дээ. Зурагтаар улсын наадмаа үздэг. Сумынхаа наадамд очиж, Бөхийн комисст ажилладаг. Гарын даа, ерөнхий шүүгч хийнэ. Монголын үндэсний бөхийн талаар мэддэгээ залуус хэлж өгнө, зөвлөнө, засна. Ингэж л баярлана даа.