Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн оны есдүгээр сараас шалгаж эхэлснийг бид цаг тухайд нь мэдээлсэн. Түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн юм. Ш.Алтанчимэгт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа АТГ-ын мөрдөгч илэрхийлэн НПГ-ын хяналтын прокурорт хүргүүлжээ. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 648 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас долоон хэргийг шүүхэд шилжүүлэх, наймыг хаах, нэгийг нь мөрдөн шалгах чиг үүрэгтэй бусад байгууллагад харьяаллын дагуу шилжүүлэх санал прокурорт хүргүүлсний дотор дээрх хэрэг багтсан аж.
Зээлийн батлан даалтын сангийн захирал Ш.Алтанчимэгийг Сүхбаатар дүүргийн I хороонд байршилтай 476.7 ам метр талбай бүхий ажлын байрандаа их засвар хийлгэхдээ албан тушаалаа урвуулан нэгэн компанитай 185.8 сая гаруй төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж тухайн аж ахуйн нэгжийнхэнд давуу байдал бий болгон, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчин тухайн аж ахуйн нэгжийг шалгаруулахад Зээлийн батлан даалтын сангийн тендерийн Үнэлгээний хорооны гишүүнээр томилогдсон тус сангийн хуульч, ахлах мэргэжилтнүүд, хараат бус гишүүд шаардлага хангаагүй аж ахуйн нэгжийг шалгаруулсан аж. Мөн мөрдөн шалгалтын явцад захирал Ш.Алтанчимэг нь нягтлан бодогчдоо амаар үүрэг өгч мөнгө шилжүүлүүлэн тус сандаа бас 38.6 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж буй юм билээ.
Бэлтгэсэн Г.Равжаа