“Эрдэнэс Монгол” компанийн харьяа “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулууныг бусдад давуу байдал олгосон хэд хэдэн гэрээ байгуулж их хэмжээний хахууль авч байсан үйлдэл дээр нь АТГ-ын ажилтнууд дайчлан баривчилж, яллагдагчаар тооцон цагдан хорьсон билээ. Уг хэргийн мөрдөн байцаалт дууссан гэж үзээд яллах дүгнэлт үйлдүүлж, шүүхэд шилжүүлэх саналаа АТГ-ын мөрдөгчид прокурорт хүргүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бусдад давуу байдал үүсгэсэн 6-7 гэрээ байгуулж, багагүй хэмжээний мөнгө олгож, түүнээсээ хувь болгож, 3000 ам.долларыг нь авч байгаад баригдсан. Э.Номинчулуунтай хамт дээрх компанийн хэд хэдэн албан тушаалтныг болон хахууль өгсөн хэрэгт холбогдсон ulstur. mn цахим хуудсыг үүсгэн байгуулсан, нийслэлийн Сэтгүүлчдын нэгдсэн холбоо ТББ-ын тэргүүн Б.Ганзоригт яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх санал НПГ-т хүргүүлсэн гэнэ.
Харин Э.Номинчулуунд холбогдох, ЭЦА-ныхан илрүүлж, АТГ-т шалгуулахаар шилжүүлсэн хэргийг нь тусгаарлан үргэлжлүүлэн мөрдөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт уяач Х.Цогнойжамцын үүсгэн байгуулсан “Тавинлан” компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртөг зургаан тэрбум төгрөгийг хоёр тэрбумаар өсгөн, илүү мөнгийг нь завшсан, “Алтаргана” хотхонд 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд авсан гэх хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж байна.
Бэлтгэсэн Г.Равжаа