Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр “Жаст групп”-ийн Ш.Батхүү, “Эрдэнэт үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлын албыг 2007-2013 онд хашсан Ч.Ганзориг, тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбат, иргэн Э.Сүрэн нарт холбогдох хэргийг нэр бүхий өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хэлэлцлээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд хэлэлцэхээр товлоход шүүгдэгч Э.Сүрэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй, шүүгдэгч “Алтжин групп” ХХК-ийн захирал Г.Алтан өвчний учир нас барсан учраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шүүх шийдвэрлэсэн. Улмаар оролцогч нарын гомдол гаргах эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг хойшлуулж, дараагийн шүүх хуралдааныг жич товлохоор тогтоосон билээ. Харин шүүгдэгч Э.Сүрэн, талийгаач Г.Алтангийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцээд шүүгдэгч нас барсан хэдий ч гэм буруутай, эсэхийг нь анхан шатны шүүх хэлэлцэх ёстой гэж нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар дүгнэв. Анхан шатны шүүх Г.Алтанг нас барсантай холбоотойгоор хэргийг нь шүүхээр хэлэлцүүлэлгүй хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байдаг. Түүнээс өмнө ч талийгаач болон түүний хүү Э.Сүрэн нарыг цагаатгаж байсан билээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны аравдугаар сард Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарыг гэм буруутай гэж дүгнэсэн бол Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийг цагаатгасан. Ингэхдээ Ш.Батхүүд найман жил хорих ял шийтгэн, “Эрдэнэт үйлдвэр” болон улсад учруулсан хохирлыг нь гаргуулахаар болсон. Харин Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат нарт холбогдох үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн юм. “Жаст групп”-ийн захирал Ш.Батхүүгийн хувьд хуурамч бичиг баримт үйлдэн “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий албан тушаалтан Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Ч.Ганзориг нартай үгсэн тохиролцож, бүлэглэн “Стандарт” банкнаас хуурамч материал бүрдүүлж зээл авч, тус үйлдвэрт хохирол учруулсан, мөнгө угаасан үндэслэлээр буруутган олон жил шалгаж, шүүхээр гэм буруутай, эсэхийг нь эцэслэн шийдвэрлэж чадаагүй билээ. Хамгийн сүүлд гэхэд Улсын дээд шүүхээс Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Алтан, Э.Сүрэн нарт холбогдох хэргийн шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж дүгнэн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааснаас хойш бараг жил болох гэж байна.
Бэлтгэсэн Г.Равжаа