Зуны дэлгэр өдрүүд үргэлжилж, улсын төдийгүй аймаг, сумуудын баяр наадам хаяанд ирлээ. Улсын их баяр наадмын олон хоногийн амралтаас урьтаж болон давхцуулан ээлжийн амралтаа авсан хүмүүс их хотын ачаалал, түгжрэлээс ангижирч, орон нутгийг зорих нь жил жилийн зуны хэвшмэл дүр зураг гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн хоёр жилийн хөл хорионд ийш тийш дураараа төдийлөн явж чадаагүй хүмүүс өнөө зун хандсан зүгтээ гэр бүл, найз нөхдөөрөө нийлэн аялалд гарч байна. Бэр гуйхаас эхлүүлээд найр хурим ч элбэгшив. Ийнхүү хотоос алсарч, хөдөөг зорьсон төмөр хүлэгтнүүдийн зарим нь өөрсдийн болчимгүй үйлдлээсээ болж зам, тээврийн осолд өртөж, хайртай гэр бүл, найз нөхдийнхөө эрүүл мэнд, амийг эрсдэлд оруулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд зам, тээврийн ослын 357 дуудлага ирж, 29 хүн гэмтэж, бэртсэний 13 нь хөдөөх замд явж байгаад эрүүл мэндээрээ хохирчээ. Осолд хөгшин хөвөө, хөрөв нялх, үнэтэй, туулах чадвар сайтай машин унасан сайд дарга ч ялгаагүй өртөж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Ганибалын зорчиж, Ч гэх хүн жолоодож явсан “Ниссан патрол Ү-62” загварын жийп энэ сарын 24-ний 20.00 цагийн орчимд осолд өртжээ. Сонгогдсон тойрог Сүхбаатар аймагтаа ажиллаад буцаж нийслэлийг чиглэн явж байсан тэд Баруун-Урт сумаас 90 км-ийн зайд иргэн Ц-гийн жолоодож явсан “Тоёота хайлюкс” автомашинтай мөргөлдсөн аж. Ослын газарт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Эрүүл мэндийн төвийн эмч нар очиж ажилласан бөгөөд “Тоёота хайлюкс”-т сууж явсан нэг зорчигч хүндэвтэр гэмтсэнийг албаны эх сурвалжууд мэдээлэв.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгийн замд гарсан хоёр ослын улмаас мөн тооны хүний амь эрсэдлээ. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт Булган аймгийн Бугат сумын нутаг, Зүүн түрүүний гүүрнээс хүнд даацын ачааны “Хово” загварын автомашин онхолдож жолооч нь амиа алдав. Дархан-Уулаас Булган аймгийн чиглэлд явж байхдаа дээрх гүүрийн хашлагыг мөргөж хажуу руу нь унасан байж.
Уг нь орон нутгийн замд хүний амь эрсдэх, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас санаачлан “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян эхлүүлээд долоо ч хоноогүй байна. Энэ аяны зорилго нь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, судлаач, шинжээч, мэргэжилтнүүдийн тооцоолсон, 250-350 орчим жолооч, зорчигч 2022 оны үлдсэн зургаан сарын хугацаанд амиа алдаж болзошгүй гэсэн тоог бууруулахад чиглэсэн. Харамсалтай нь, жолооч нар болчимгүй үйлдлээсээ болж энэ тоог бууруулах биш, улам л өсгөх эрсдэлтэй байгаа учраас “Өнөөдөр” сонин “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аяныг дэмжин, зам тээврийн ослоос сэргийлэх үүднээс уншигч танд зарим тоон мэдээллийг жишээ баримтад тулгуурлан хүргэе.
ГАНЦХАН ӨДӨРТ ЗУРГААН ХҮН ОСЛООР АМИА АЛДАНА ГЭДЭГ АРАЙ Л ИХ ТОО БИШ ГЭЖ ҮҮ
Монголчууд бид цөөхүүлээ. Ердөө 3.4 сая л гэдэг. Ийм цөөхөн хүн амтай атлаа жилд нэг онгоцны зорчигчтой тэнцэх хэмжээний хүнээ зам, тээврийн ослын улмаас тэнгэрт дэвшүүлсээр буй нь харамсалтай. Ер нь өдөр бүр энэ төрлийн осол гарч, хүний эрүүл мэнд хохирч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоог ч нэмж буй. Дайн дажингүй амгалан улс гэхэд жилд 400-500 хүнийг зөвхөн зам, тээврийн ослын улмаас алдана гэдэг сэтгэл эмзэглэм. Энэ тоон дээр өвчний улмаас, үйлдвэрлэлийн ослоос, амиа хорлож, бусдын халдлагад өртөж нас барагсдын тоог нэмбэл их тоо гарах нь дамжиггүй. Гэхдээ зөвхөн ухамсарт хүний болчимгүй үйлдэлтэй холбоотой буюу зам, тээврийн ослоор нас барагсдын тоог бууруулах боломж жолооч, зорчигч хүн бүрт бий. Түүн дээр 2500-3000 хүн гэмтэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоонд багтаж буйд хүн бүр анхаарах ёстой санагдана.
Зам, тээврийн ослын улмаас ганцхан жилийн дотор нас барж буй 400-500 хүний 60 орчим хувь нь аялал жуулчлал, амралт, зугаалгын үед буюу 6-9 дүгээр сарын хооронд амиа алддаг гэсэн судалгааг ТЦА-наас гаргасан. Тэдний 90 хувь нь орон нутгийн замд осолдсоноос гэр бүлдээ өнчрөл, хагацал учруулсан байдаг. Аливаа баяр ёслолын үед болон дэлгэр зуны улиралд хөдөө гарч амрах гэсэн хүмүүс орон нутгийг зорих нь нэмэгддэг билээ. Энэ үед ганцхан өдрийн дотор маш олноороо зам, тээврийн осолд өртөн амиа алдсаар байна. Хамгийн сүүлд энэ сарын 24-нд энэ төрлийн ослын улмаас зургаан хүн таалал төгссөн юм. Тодруулбал, Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутаг, Хотонт гэх газарт 21 настай Т-ын жолоодож явсан “Приус-20” осолдож жолооч залуу нас барж, түүний үе чацуу дөрвөн хүн гэмтжээ. Уг ослын шалтгаан нь согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэлтэйг албаныхан мэдээлэв. Тухайн өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Гарьдын хад гэдэг газар “Тоёота ландкруйзер-200” автомашин “Ландкруйзер-70” загварын тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх гэж байгаад шүргэлцэн онхолдож, гурван зорчигч амиа алдан, хоёр хүн гэмтсэн байна.
Бас Баянхонгор аймгийн Өлзийт сумын Худаг уртын бригадын орчимд “Тоёота королла” загварын автомашин “Приус-20”-той мөргөлдөн нэг зорчигч нас барж, хоёр иргэн гэмтжээ. Зургадугаар сарын 24-ний 19.40 цагийн үед Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн Довцог гэх газарт 42 настай А мотоцикл жолоодож явахдаа онхолдсоноос ард нь сундалж явсан 73 настай иргэн таалал төгссөн байна. Мотоциклын жолооч үнэмлэхгүй, согтуудаа тээврийн хэрэгсэл жолоодсоноос ийм осол гаргасан аж. Одоогоос 3-4 жилийн өмнө, Цагаан сараар орон нутгийн замд нэг өдрийн дотор олон хүн нас барсан осол гарч байсан юм. Үүнээс үзэхэд, аливаа баяр ёслол болон зуны амралтаараа орон нутгийг зоригсод осолдсоор байна.
ОРОН НУТГИЙН ЗАМ ХУРДНЫХ БИШ
Орон нутгийн замд гарч буй ослын дийлэнх нь жолоочийн буруутай үйл ажиллагаатай холбоотойг ТЦА-ныхан байнга сануулдаг. Гэвч жолооч нар мэргэжлийн байгууллагын анхааруулга, сэрэмжлүүлэгийг үл ойшоож, хурдлаад осолдох явдал гарсаар. Уг нь ТЦА-наас 2019 онд “Яараад яах вэ дээ” зорилтот аян зохион байгуулж, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ явуулж байлаа. Гэвч тэр жил зам, тээврийн ослын улмаас 561 хүн амиа алдаж, 3790 иргэн ямар нэг байдлаар гэмтжээ. 2020, 2021 онд цар тахлын улмаас хөл хорьсонтой холбоотойгоор дээрх тоо буурсан үзүүлэлттэй гарсан. Гэвч хөл хориог цуцалснаар эргээд өсөж байна. Зөвхөн энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд зам, тээврийн 10 129 осол гарсныг цагдаагийн байгууллага бүртгэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 15.8 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Энэ хугацаанд 195 иргэн нас барж, 1087 хүн гэмтсэн байна. Энд дурдсан тоо нь дээр жишээ татсан ослуудыг оруулаагүй юм.
Ослын шалтгаан нөхцөлийн талаар ТЦА-ныхан “Жолооч нарын сахилга батгүй, хариуцлагагүй үйлдэл буюу тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, бүрэн бүтэн байдлаа хангахгүй явах, хүн тээвэрлэх журам зөрчдөг, хамгаалах бүс зүүдэггүй, согтуугаар тээврийн хэрэгсэл жолооддогоос үүдэлтэй” хэмээн байнга мэдээлэл өгдөг. Үнэхээр жолооч нарын хариуцлагагүй үйлдлээс улбаатай аливаа осол гарч буйг ТЦА-ныхны судалгаа баталж байна. Энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд гарсан зам, тээврийн ослын шалтгааныг судлахад 541 нь согтуудаа жолоо барьсан, 309 нь хурд хэтрүүлсэн, 895 нь анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсон, 294 нь зогсоох арга хэмжээ аваагүй, 1922 нь уулзвар нэвтрэх журам зөрчсөн, 3429 нь эгнээ хоорондын зайгаа тохируулж яваагүй, 66 нь гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийсэн зэрэг нөхцөл байдал тогтоогджээ. Осол гаргасан тээврийн хэрэгслийн төрлөөр нь авч үзэхэд 9009 буюу 88.9 хувь нь суудлын автомашин байгаа юм.
Хотын түгжрэлээс гарч, хөдөлгөөн сийрэгтэй орон нутгийн замаар давхиж яваа жолооч нар ихэнхдээ 100 км/цагаас дээш хурдалдаг. Уг нь манай улсад мөрдөж буй Замын хөдөлгөөний дүрэмд тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60, суурин газрын гадна 80, тууш замд 100 км/цагаас хэтрүүлэхийг хориглохоор заасан. Гэвч жолооч нар цагдаагийн хяналтгүй замд 120-130 км/цагийн хурдтай давхидаг.Орон нутгийг чиглэсэн зам ямар билээ дээ. Ингэж хурдлах боломж хомс, нарийхан, энхэл донхол ихтэй учраас аюул, эрсдэл өндөртэй. Тиймээс энхэл донхолгүй, тэгш сайхан, олон эгнээтэй замаар зорчиж байгаа юм шиг давхихгүй байх нь аминд өлзийтэй. Гэр бүл, найз нөхөд, хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг бодолцсон ч орон нутгийн замд хурд хэтрүүлэлгүй аажуу тайван яваад зорьсон газартаа хүрвэл тэр нь аялал, бас жаргал болно. Монголчууд бид алсаас ирж буй нэгнээ “Саадгүй сайн яваад ирэв үү” гэж мэндчилдэг болохоос “Хурдан шуурхай явж ирэв үү” гэдэггүй шүү дээ. Тиймээс л хурдаа тохируулан, нарийхан замд гүйцэж түрүүлэх үйлдлийг зөв хийж явбал хүрэх газраа аяндаа л очно. Урд нь яваа тээврийн хэрэгслийн жолооч өмнөөсөө машин ирж буйг гүйцэж түрүүлэхээр завдаж яваа нэгэндээ дохиогоороо анхааруулах соёлыг хэвшүүлчихвэл нэг ч гэсэн хүний амийг эрсдэлд орохоос сэргийлэх боломжтойг ухамсарлаж алсын аяндаа гарч байгаасай.
Ташрамд дурдахад, ТЦА-ныхан нэгэн сонирхолтой туршилт хийснээ фэйсбүүк дэх хуудсандаа нийтэлсэн байна лээ. Орон нутгийн замд гарч буй жолооч нар хурд хэтрүүлэн давхидаг ч дунджаар 60-65 км/цагийн хурдтай л явдгийг тогтоожээ. Тодруулбал, Улаанбаатараас Багануур чиглэлд явж буй “Тоёота приус-30” загварын 11 тээврийн хэрэгслийн жолоочийг туршилтдаа хамруулсан аж. Туршилтад оролцсон жолооч нар цагт 80-88 км-ийн хурдтайгаар 80-90 км газар яваад хурд хэмжүүрийнхээ мэдээллийг замын цагдаагийнхан руу илгээсэн байна. Гэтэл 80-88 км/цагийн хурдтай явсан жолооч нар дунджаар 60-65 км/цагийн хурдтайгаар замаа туулсан нь батлагджээ. Өөрөөр хэлбэл, бид 80 км/цагийн хурдтай явж байгаа ч бодит байдалд замын эвдрэл, эргэлт тойруу, замд тохиолдох бусад олон хүчин зүйлээс хамаарч цагт дунджаар 60-65 км зам туулдгийг нотолсон байна. Тэгэхээр орон нутгийн зам хурдных биш учраас хурдаа тохируулан, гүйцэж түрүүлэхдээ болгоомжтой байхыг дахин анхааруулъя. Бас нойр дутуу үедээ тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд аюул учруулахгүй газар зогсоож амраад явах нь чухал гэдгийг сануулъя. Учир нь жолооч 80км/цагийн хурдтай явж байх үедээ гуравхан секунд зүүрмэглэхэд 66.6 метр газрыг ямар ч хяналтгүй туулдаг. Ийнхүү зүүрмэглэж байгаад зогсож буй автомашины араас мөргөж зорчигч, жолооч нар нас барсан тохиолдол маш олон байдгийг ч алсын аянд яваа хүн бүр анхаараарай.
Бэлтгэсэн Г.Цолмон