АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 96-г шалгаснаас 28-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Харин эрүүгийн 674 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас 20-ыг нь шүүхээр шийдвэрлүүлэх, 27-г нь хаах саналаа илэрхийлэн НПГ-ын хяналтад хүргүүлсэн. Шүүхэд шилжүүлсэн 20 хэрэг дотор олны анхаарал татсан, удаан хугацаа зарцуулж шалгасан, шүүхээс буцаасан хэргүүд ч бий юм. Тухайлбал, Архангай аймгийн Засаг дарга, аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Мөнхнасан, ИТХ-ын дарга асан Б.Өсөхбаяр нарт холбогдох хэрэг багтсан байна. Нэлээд удаан хугацаанд шалгаж, 2020 онд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр НПГ-т буцаасан уг хэргийн нэмэлт ажиллагааг АТГ-ынхан хийж дууссан аж. Хэргийн талаар эргэн сануулахад, Архангай аймгийн ИТХ-ын дарга асан Б.Өсөхбаяр 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд ИТХ нь хуралдаагүй байхад “Газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал хэлэлцсэн” хэмээн хуурамч тогтоол гаргасан. Улмаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь хурал болоогүй гэдгийг мэдсээр байж 2018 оны дөрөвдүгээр сарын 19-нд уг хуурамч тогтоолыг АМГТГ-т хүргүүлж, Цэнхэр сумын нутаг, Шоронгийн ам гэх газарт 4.75 га газрыг бичил уурхайгаар ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан. Тэр дүгнэлтэд үндэслэн “Тунгалаг Тамир ар” гэх нөхөрлөлтэй таван жилийн хугацаанд бичил уурхайгаар ашиглах гэрээ байгуулсан юм. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллагдагчаар татаад буй билээ. Засаг дарга асан Ц.Мөнхнасан ХААИС-ийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийг зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт бас холбогдуулсныг бид цаг тухайд нь мэдээлж байв.
Бэлтгэсэн Г.Цолмон