Энэ оны зургадугаар сарын 17-ны өдөр Дотоодын цэргийн 805 дугаар ангид алба хааж байсан цэрэг Н ходоод нь хагарч, эмнэлэгт хүргэсэн ч харамсалтай нь нас барсан. Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү, Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис нар нас барсан цэргийн талаар мэдээлэл хийлээ. Юуны түрүүнд хурандаа Р.Чингис "Нас барсан цэргийн ар гэрийнхнийг хүлээн авч, харамсаж буйгаа илэрхийлсэн. Ар гэрт нь бололцоотой бүх тусламжийг үзүүлж байгаа. Миний хувьд юуны түрүүнд ЦЕГ-ын Дотоод аюулгүй байдал, хяналт шалгалтын хэлсэн. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст мөн ар гэрийнхэн нь хандсан байгаа" гэлээ.
Мөн ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, хурандаа Д.Манлайбаатар "Энэ хэрэгт хойшлуулшгүй арга хэмжээ авч ажиллаж байна. Албаны шалгалт дуусаагүй байна. Мөрдөн шалгах байгууллагаас албаны шалгалт хийж, прокурорт хандан харъяалал тогтоолгосон. Хэргийг АТГ шалгаж буй. Манай зүгээс албаны дарамт шахалт байсан эсэхийг шалгаж байна. Сүүлийн 14 хоногийн камерийн бичлэгийн нарийвчлан шалгаж байна" хэмээх мэдээллийг өглөө. Үүний дараа Дотоодын цэргийн 805 дугаар ангийн захирагч Ж.Мөнхсолонго дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "2022 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Сонгинохайрхан дүүргээс ирсэн. Улмаар нас барсан эмгэнэлтэй үйл явдал боллоо. Тэрбээр 2022 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс цэргийн албаны анхан шатны мэдлэг олгох сургалт зохион байгуулагдаж, 15-ны өдөр дуусаж, тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон.
Тухайн өдрийн оройны 22.00 цагаас хойш биеийн байдалд өөрчлөлт орж, ангийн эрүүл мэндийн төвд үзүүлсэн. Анхан шатны тусламж үйлчилгээ авсны дараа биеийн байдал хэвийн байсан. Зургаадугаар сарын 16-ны өглөө дахин эмнэлэгт үзүүлэхэд амин үзүүлэлтүүд хэвийн ч тодорхой шинж тэмдэгтэй байсан тул эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг хүргэж байгаад, 22.45 цагийн орчимд артерийн даралтын үйл ажиллагаа доголдсон тул түргэн тусламж дуудаж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн юм. Тус эмнэлэгт зургаадугаар сарын 17-ны 07.00 цаг хүртэл мэс засалд орж, эмчилгээ хийлгэх явцдаа амь эрсэдсэн. Манай цэргийн байрны орчим 18 камер бий. Үүний 2 нь буюу унтлагын хэсгийн камер зөвхөн ар гэрийнхэн нь ирэх үед гэмтэлтэй, засварт байсан.
Бид зургаадугаар сарын 17-ны өдрөөс ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Монгол цэргийн дүрмийн дагуу оршуулах хүндэтгэлийн арга хэмжээг өнөөдөр 05.45 цагаас зохион байгуулж, сая дууслаа. Манай анги байгууллагад офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагчдын дунд цэргийн дүрмийн бус харилцаа байгаагүйг батлан хэлье" гэв.