Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан аялал жуулчлал, өв соёлын арга хэмжээ зохион байгуулж, олсон орлогоо байгаль хамгаалалд зарцуулдаг. Цар тахлын хүнд цаг үед тус байгууллагынхан биологичидтой хамтран зэрлэг амьтан ажиглах аяллын хөтөлбөр хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа санхүүжүүлж байв. Харин энэ зун дотоодын аялагчдад зориулж, монгол ахуй, өв соёлын арга хэмжээнүүдийг төлөвлөжээ. Тухайлбал, энэ сараас эхлээд долоо хоног бүрийн ням гарагт монгол ахуйн өдөрлөг зохиох болжээ. Арьс, сур элдэх, чөдөр, ногт зангидах, дээс томох, дээл, хантааз оёх, утас ээрэх, цай чанах, эсгий хийх, ширдэг ширэх, мал саах, цагаан идээ боловсруулах зэрэг монголчуудын уламжлалт зан үйлийг энэ өдрүүдэд сурталчлах юм байна. Мөн гар урлал, цагаан идээний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулдаг аж. Тэрчлэн зорин ирэх жуулчдын тооноос хамаараад ховор амьтан болон цэцэг ажиглах, нум сум харвах, малчин айлд хоноглох аялал, бэсрэг наадам, эсгийний найр зэрэг арга хэмжээ зохиох гэнэ.