...Үлэг гүрвэл судлалын түүхэнд хосгүй үнэт олдворыг хадгалж ирсэн
Өмнийн говь нутгийнхаа шилэн музейн шинэ үүдийг өргөхөд
Ерөөл өргөж буйдаа
Ер бусын ихээр баярланам зээ...
хэмээн Өмнөговь аймгийн ерөөлч С.Мөнхжаргал Даланзадгадын “Говийн байгаль, түүхийн музей”-н нээлтэд магтаал хэлсэн билээ. Үнэхээр л дэлхий дахины үлэг гүрвэл судлалын 180 гаруй жилийн түүхэн дэх онцгой, ховор гайхалтай олдвор Монголын говиос цөөнгүй олджээ. Тодруулбал, махан идэшт үлэг гүрвэлийн хамгийн томд тооцогдох Тарбозавр, өндгөө дарж буй эх болон Дайнохерусын урд мөчний аварга том яс, үлэг гүрвэлийн 15 зулзага нэг дор бөөгнөрсөн үлдэц зэргийг сүүлийн 100 орчим жилд тус аймгийн Цахиуртын хөндий, Оцон мааньт, Баянзаг, Хэрмэнцав, Төгрөгийн ширээ зэрэг газраас олсныг дээрх музейд байрлуулжээ. Энэ нь Өмнөговь бол манай орны төдийгүй дэлхийн соёлын өвд дээгүүрт багтах содон, баялаг олдворыг хөрсөндөө хадгалж ирсэн, хадгалж буй бүс гэдгийг илэрхийлж байгаа юм. Палеонтологи, археологи, түүхийн судалгааны түшиц, баян нутаг байх нэг хэрэг, харин олдсон эд өлгийн зүйлсийг олон арван жил зүй зохистой хадгалах, үеийн үед хайрлан хамгаалах, олон нийтэд үзүүлэн таниулах, үр хойчдоо өвлүүлэн үлдээх өөр хэрэг. Өөрөөр хэлбэл, үнэт олдвор, эд өлгийг хадгалан хамгаалах, таниулан түгээх үүргийг музей хүлээн, хүн төрөлхтний соёл, урлаг, шинжлэх ухаан, түүхийн нэгээхэн төв байсаар ирсэн. Тэгвэл ийм төв буюу дэлхийн жишигт хүрсэн, орчин үеийн стандартад нийцсэн музейг Даланзадгадад Дэлхийн музейн өдрөөр буюу өнгөрсөн сарын 18-нд нээв. Эл өдөр Даланзадгад хөл ихтэй байлаа. Музейн нээлтийн сургаар сонирхон ирсэн хүн олон байсны дийлэнх нь хүүхэд. Тэдний хувьд баярын өдөр гэлтэй. Анги ангиараа жагсан, үзмэр үзэж буй сурагчид “Тэрийг хар даа, энэ юу вэ” гэлцэн шуугилдаж байв. Даланзадгадын тавдугаар сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч М.Сүхбатаас сэтгэгдлийг нь хуваалцахад “Анх удаа л музей үзэж байна. Ийм өндөр тааз, шилэн хана, бас шилэн бүхээгтэй цахилгаан шаттай нь гайхалтай санагдлаа. Хамгийн сонирхолтой нь үлэг гүрвэлийн олдворуудтай танхим юм. Бас энэ музей их том учраас манай сургуулийнхан бүгд ороод ирсэн” хэмээн хөөрөн ярив.
Өмнөговийн төвийн музейг анх 1948 онд 50 орчим үзмэртэйгээр байгуулж байж. Тэгвэл өдгөө шинэ барилга нь зоорийн хамт таван давхар, биет болон биет бус 4000 гаруй үзмэртэй. Монгол Улсын зөвлөх архитектор Д.Балдан зургийг нь гаргахдаа палеонтологи, хоёр бөхт тэмээ, говийн байгаль болон ашигт малтмал гэсэн үндсэн гурван үзмэрийг төлөөлөхүйц гурван өөр хэмжээс бүхий харьцаагаар зохиомжилжээ. Барилгын өндөг адил зууван дугуй харагдах хэсэг бол эртний палеонтологийн олдворыг илэрхийлсэн цөм хэсэг болно. Архитектурын үндсэн санаандаа тохируулан орчин үеийн футурустик хэв маягийн интерьер гарган, Өмнөговийн байгалийн үзэсгэлэнт тогтоц Баянзаг, Хэрмэн цавтай хослохуйц төрх бүрдүүлэхийг зорьсон нь биеллээ олжээ. Давхар бүрийг нь сэдэвчлэн геологи, ашигт малтмалын үзмэр, археологи, палеонтологийн олдвор, говь нутгийнхны өв уламжлал, ахуй амьдралын онцлог эд, хэрэгсэл, уран дархчуулын бүтээл болон галерей, номын сан, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэгтэйгээр тохижуулсан байлаа. Үнэт үзмэр хийх хүндрүүлэгчтэй сейф, баримтат өв хадгалах шүүгээнүүд, өргөн форматын ширээ зэрэг шаардлагатай тавилга, хэрэгсэлтэй, камерын иж бүрэн систем, дохиолол хамгаалалттай аж. Мөн хамгийн дээд буюу дөрөвдүгээр давхартаа 180 хүн суух танхимтай. Танхимд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, кино, үзвэр гарган, их, дээд сургуулийнханд хичээл заах зорилготой гэсэн. Үзмэрүүдийн хамгийн “ахмад” нь 70 гаруй сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн яс. Музейг “Оюутолгой” компанийн дэргэдэх “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гийн 10.9 тэрбум, төсвийн 323 сая төгрөгөөр босгосон бөгөөд бүтээн байгуулалтыг нь үндэсний компани “Аглут” 2019-2021 онд гүйцэтгэжээ.
Музейн нээлтэд оролцсон Соёлын дэд сайд М.Батбаяр “Анх 2008 онд зураг төслийг нь гаргасан “Говийн байгаль, түүхийн музей” 10 гаруй жилийн дараа үүдээ нээлээ. Музей бол угсаатан зүй, соёл, өв уламжлалын үнэт өв бөгөөд барилга дотор ахин барилга барьж, бүтээн байгуулалт хийдгээрээ онцлог. Өмнийн говиос олдсон олдворууд шинжлэх ухааны ач холбогдол, хүн төрөлхтөнд өгч буй мэдлэгээрээ Төв Азид төдийгүй дэлхийд дээгүүрт ордог. Ийм үнэт өвийг хадгалах, хамгаалах, үзүүлэн таниулахад томоохон дэмжлэг үзүүлж, олон жил ярьсан, олон хүний хүч хөдөлмөр шингэсэн барилгыг санхүүжүүлсэн “Оюутолгой” компанид талархал илэрхийлье” гэсэн юм. Тэгвэл “Оюутолгой”-н уурхайн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрю Вилсон “Манай компанийн дэргэдэх “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь Өмнөговь аймгийг тогтвортой хөгжүүлэх чиглэлээр урт хугацаанд ажиллах төлөвлөгөөтэй. Эл төлөвлөгөөний хүрээнд цөөнгүй төсөл, хөтөлбөр санхүүжүүлж, орон нутгийнхантай хамтран ажиллаж буйн нэг нь эл музейг барьж байгуулсан явдал. Ер нь дээрх санг байгуулсан долоон жилийн хугацаанд орон нутагт 32.9 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. “Оюутолгой” компани үйл ажилагаа явуулах бүхий л хугацааны турш олон чиглэлээр нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана” хэмээн онцоллоо.
Монголын говиос америкчууд 100 жилийн өмнө үлэг гүрвэлийн яс, үлдэц олж, дэлхий нийтийг гайхшируулж байж. Оюун ухаант хүн үүссэн цагаас Чингис хааны үе хүртэлх бүх олдвор Монголд бий. Ялангуяа Өмнөговь бол хамгийн баялаг нутагт тооцогддог бөгөөд тус аймагт 1940-өөд оноос археологи, палеонтлогийн судалгааг тасралтгүй хийж ирснийг Шинжлэх ухааны академийн палеонтологийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Х.Цогтбаатар хэлсэн. Тэрбээр “Монгол орон бол нас насны палеонтологийн олдвор цуглуулгаар дэлхийд дээгүүр байрт ордог. Ялангуяа Өмнөговь аймаг нь үлэг гүрвэлийн олдвороороо алдартай. Хамгийн сүүлд 2018 оны хээрийн судалгаагаар бид махан идэшт нэг төрлийн жижиг үлэг гүрвэлийн яс, үлдэц олсон. Мөн энд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн чиглэлийн компаниуд соёлын өвийг хамгаалахад санаа тавьж байгааг дурдах нь зүйтэй. Ялангуяа Оюутолгойн уурхайнхан соёлын өвийг сахин хамгаалах, олдсон эд өлгийн зүйлийг хүлээлгэн өгөх, зарим олдцын газар дээрх тордолтыг хийх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ сайтар биелүүлдэг. Ийм музей барьж өгсөнд мэргэжилтнүүд бид сэтгэл хангалуун байна. Цаашид Монголоос, Өмнөговийн говь цөлөөс илүү олон дурсгал, илүү сонин содон олдвор олох нь дамжиггүй. Тэр бүхнийг бид хайрлан хамгаалж, хойч үедээ, хэтрүүлж хэлбэл хүн төрөлхтөнд дамжуулан үлдээхэд музей чухал үүрэгтэй” гэсэн юм.
Өмнөговь аймаг бол ашигт малтмал, үнэ цэнтэй эрдэс баялгийн өлгий нутаг. Хөрсөндөө алт, зэс, хүдэр агуулснаас гадна нүүрсний арвин нөөцтэй. Нүүрсийг гэхэд 1800-аад онд тухайн үеийн Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошууныхан буюу одоогийн Цогтцэций сумын иргэд, дархчуул олборлон төмөр хайлуулж, уяраах зорилгоор ашиглаж эхэлжээ. Ийм түүхийг харуулсан зураг, тайлбар сэлт дээрх музейд бий. Эрдэнийн болон хагас эрдэнийн чулууны дээж болох төрөл бүрийн мана, чүнчигноров, гартаам, усан болон утаат болрын цуглуулгийг өнгө тунаруулан дэлгэсэн нь бахдам. Эртний хүмүүсийн хэрэглэж байсан хутга, ваар сав, гал тогооны хэрэгсэл, сүх, гоёл чимэглэл зэрэг 60 гаруй бодит олдворыг шилэн хоргонд байршуулсан байна. Монголын говь нутаг эрт галавын үед далайн ёроол байсан гэдэг. Тэр ч утгаараа говиос чулуун дээр тогтсон, дүрсэлсэн далайн амьтан, ургамлын дүрс бүхий олдвор олдсоныг ч музейд дэлгэжээ. Өмнөговьчууд уран дархчуулаараа алдартай бөгөөд ялангуяа мөнгөний орц ихтэй, үнэ цэн бүхий ноён сэврэй хийцийн эмээл, хазаар, гаанс, соруул зэрэг нь хүний нүд булаадаг. Эдгээр ховор нандин үзмэрээс гадна Монгол Улсын хосгүй үнэт дурсгалын жагсаалтад багтдаг Цагаан ханангийн хадны оршуулгын олдвор болох Монголын эзэнт гүрний үеийн язгууртан эрийн малгай, дээл хувцас, гутал, хавтага зэргийг бодит хэмжээ, хийцээр нь сэргээн, язгууртны барималд өмсүүлэн, зогсоо байдлаар залсан сүрдэм төрхийг “Говийн байгаль, түүхийн музей”-д харж болох нь. Цаашид тус музейнхэн үзмэрээ улам баяжуулж, говийн иргэд болон нийт монголчуудынхаа сонорыг мялаах, дэлхий дахинд Монголын говийн гайхамшгийг харуулах зорилготой. Түүнчлэн музей нь хүүхэд, залуусын түүх, шинжлэх ухааны боловсролыг дээшлүүлж, эх орноороо бахархах, байгалийн баялаг, соёл, уламжлалаа таньж мэдэн, хүндэтгэлтэй хандах хандлага төлөвшүүлэх ач холбогдолтойг захирал Ц.Отгонтуяа нь хэлсэн. “Говийн байгаль, түүхийн музей” хэмээх шинэ “айл” өдгөө 20 орчим ажилтантай бөгөөд жилд 50 000 зочин хүлээн авахаар ажиллаж байна.