НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ хамтран Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг үнэлэх, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг танилцуулах сургалт, хэлэлцүүлгийг Архангай аймгийн Батцэнгэл, Цэцэрлэг сумд зохион байгууллаа. Үүнд тус аймгийн БОАЖГ, 19 сумын ЗДТГ, Орхон-Чулуутын сав газрын захиргаа, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын төлөөлөл 100 орчим хүн оролцов. 2012 онд баталсан Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын доод хязгаарыг 15-85 хувь байна гэж тусгасан. Эл заалтын хэрэгжилт туйлын хангалтгүй байгааг байгаль хамгаалагчид энэ үеэр онцолжээ. Сүүлийн гурван жилийн биелэлтийг нь үнэлэхэд 35 хувьтай гарсан байна. Шинэчлэгдсэн журмын хүрээнд байгалийн нөөц ашигласны төлбөр ногдуулах, түүнийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, тайлагнах үе шатыг цахим санд бүртгэх, ил тод мэдээлэх, зөрчил гаргасан тохиолдолд цаг тухайд нь хариуцлага тооцох нөхцөл бүрдсэн учир хуулийн хэрэгжилт сайжирна гэж үзэж байгаагаа мэргэжилтнүүд дурджээ.