Үхрийн баас, хомоол овоолго болтлоо дүүрсэн судгийн хоёр талаар модон байшин, монгол гэртэй айл ярайх аж. Нар, салхинд онгож хэврэгшсэн хашаа, ноорхой, үзэмжгүй байшин, амбаарууд ч тэр дунд байна. Шинэхэн хуримласан айлынх шиг дун цагаан гэр, давирхай үнэртэж, будаг ханхалсан өнгөлөг сууц ч харагдав. Айлуудын дундуурх нарийн гудамж руу ормогц өтөг бууцны хурц үнэр хамар цоргиов. Эзэнтэй, эзэнгүй нь мэдэгдэхгүй нохой урд, хойгуур гүйлдэж, цочооно. “Хэнийд, хаанаас ямар гийчин ирэв” гэсэн шиг хашааны цаанаас өндөлзөх, “Хэн, юу гэж асуух бол” гэх аятай нүүр буруулан зугтах хүн цөөнгүй таарав. Энэ айлуудыг тойроод таван хошуу мал бэлчиж байв.
Өгсүүлээд харвал, ойр орчим дахь уул болгоны аманд ийм суурин бий болжээ. “Аянчин”, “Байгалийн нууц”, “Тэрэлж бумбан тур”, “Скай ланд резорт” зэрэг амралтын газар тэр хавьд байрладаг юм байна. 2000-аад оны үед цөөн амралтын газар, 10 гаруйхан айлтай байсан тус хэсэг өдгөө томоохон бригадын төв, хүн ам цөөтэй сумтай дүйцэхүйц болтлоо тэлсэн гэдгийг тэндхийн оршин суугчид хэлэв. Зарим нь “10 жилийн дараа гэхэд энэ газар танигдахын аргагүй болно” хэмээн зөгнөсөн юм.
Дээр дурдсан газар бол Налайх дүүргийн VI хорооны нутагт хамаарах Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нэгээхэн хэсэг.Тэндхийн оршин суугчдын оноон нэрлэснээр бол Горхийн баруун салаа. Нэгэн цагт энэ газарт Болорын агуйг зорьсон жуулчид ирдэг, мал адгуулж, ахуй амьдралаа залгуулдаг цөөн тооны өрх нутагладаг байсан гэнэ. Харин өдгөө хашаа, байшин зай завсаргүй шавааралдсан суурин болжээ. Тэнд 40 жил амьдарсан хижээл насны нэгэн эмэгтэй “Энэ хавь битүү айлтай болсон. Нэг өглөө сэрэхэд л шинэ хашаа татчихсан, гэр барьчихсан байдаг. Мал битгий хэл, хүн явах зайгүй болох нь. Хашаагүй, ариун цэврийн байгууламжгүй, зөвшөөрөлгүй буусан айлуудад арга хэмжээ авахгүй хэрнээ биднийг хөөдөг. Малтай айл байлгахгүй гээд ад үздэгийг ойлгодоггүй. Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Налайх дүүргийн ЗДТГ-ынхан малчдыг нүүлгэн шилжүүлнэ, хөөнө гээд нэг хэсэг сүйд болсон. Аялал жуулчлалын бүс учраас орчноо бохирдуулахгүй гээд эко ариун цэврийн байгууламж барьж, хашаа хороогоо шинэчлээд, хэрэндээ цэвэрхэн байхыг боддог. Манайх шиг нэрээ хичээдэг, байгалиа хайрладаг айл ч байна, энэ талаар боддоггүй өрхүүд ч бий” гэж ярилаа.
Бид Горхийн баруун салааг өгслөө. Мөн л энд тэндгүй айл суурьшиж, амралтын газрууд “вант улс” байгуулжээ. Ямар ч хашаа саравчгүй, шинэхэн буусан бололтой айл өчнөөн байв. Зарим нь эзэнгүй байх аж. Хоёр ч айлын гадаа очиход хүн гарч ирсэнгүй. Тэр гэхийн тэмдэггүй, юу болох нь мэдэгдэхгүй, барилгын “араг яс”, цементэн овоолго хаа сайгүй. Барилгын хог хаягдал, машин техникийн сэлбэг овоолсон үзэмжгүй хашаа ч цөөнгүй харагдлаа. Тэнд амьдардаг нэгэн залуугийн хэлж буйгаар аялал жуулчлалын идэвхтэй, байгалийн үзэсгэлэнт бүсэд газар авсан, газартай болох гэсэн хүмүүс хашаа татах, гэр барих, барилгын “араг яс” босгох зэргээр эзэмшлээ дархалдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ газар эзэнтэй гэсэн анхааруулга болгож “тамга” тавьдаг аж.
Дараа нь Горхийн зүүн салааг зорилоо. Өмнөхийг бодвол цэгцтэй, зохион байгуулалттай хороолол тэнд бий болжээ. Ганц автобусны буудал хүрэхгүй зайд гурван ч хүнсний дэлгүүр байгаа нь тухайн бүс хэр хөл хөдөлгөөнтэйг илтгэнэ. Энэ салааны эхэнд “Болор” амралтын газар байрладаг учраас Болор орчим гэж баримжаалдаг юм байна. Тухайн газарт 10 гаруй жил амьдарсан бүсгүй “2010-аад оны үед энд ганц амралтын газар, хэдхэн айл байсан. Одоо таван гудамж болж өргөжсөн. Төв замд ойрхон учраас малтай айлууд энд нутагладаггүй. Тийшээ (Мэлхий хаднаас дээш заав) өчнөөн бий. Зөвхөн Горхийн зүүн салаанд 15 амралтын газар байдаг гэсэн. Дээшлэх тусам бүр олширно. Үнэхээр замбараагүй” гэв.
Эдгээр салаа бол Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын өчүүхэн хэсэг нь. Гэтэл энэ хэсэгт төвлөрөл, орчны бохирдол, доройтол гаарчээ. “Монголиан гайд тур” компанийн захирал, судлаач Ч.Буянбадрах зэрэг аялал жуулчлалын салбарын хүмүүс “Горхийн баруун, зүүн салаанд мал хэт олширсноос хөрсний элэгдэл, бохирдол ихэслээ. Баас, шивтэрт эзлэгдлээ” хэмээн анхааруулж, асуудал дэвшүүлж ирсэн нь учиртай аж. Үнэхээр л тухайн бүс орчны бохирдолд гүн автжээ. Хамгийн харамсалтай нь, ийм газар Горхи, Тэрэлжид өчнөөн. Бумбат, Залаат, Бүүвэйт, Шижрээгийн ам зэрэг газарт ч суурьшлын бүс жилээс жилд тэлж, тэр хэрээр орчны бохирдол тулгамдсан асуудал болж байгааг нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн дурдсан юм.
Горхи, Тэрэлж бол нийслэлд хамгийн ойр, байгалийн аялал жуулчлалын гол бүс нутаг. Аялал жуулчлалын анхны бүс нутаг ч гэж ярьдаг. Өвөрмөц тогтоцтой хад асга, өндөр уул нурууд, гол, мөрөн хосолсон энэхүү үзэсгэлэнт нутгийг унаган төрхөөр нь хамгаалах, аялал жуулчлалыг зохион байгуулалттай хөгжүүлэх зорилгоор Засгийн газар 1994 онд байгалийн цогцолборт газар байгуулж, улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Гэтэл өдгөө тухайн бүс тусгай хамгаалалттай газар нутгийн хамгийн муу “загвар” болж хувирлаа. Гэр хорооллоос ялгахааргүй бохир орчинтой, төвлөрөл ихтэй бүс болов. Налайх дүүргийн I хороо, Тэрэлжийн гүүр дөнгөж давав уу, үгүй юү, энэ байдал нүдэнд тусна.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар бол байгалийн цогцолборт газрыг хэв шинжээр нь онцгой, аялал жуулчлалын, хязгаарлалтын бүс гэж ангилдаг. Онцгой бүсэд зөвхөн судалгаа шинжилгээ хийх, байгаль хамгааллын арга хэмжээ авах боломжтой бол аялал жуулчлалынхад хууль ёсны зөвшөөрөлтэйгөөр, байгальд сөрөг нөлөөгүй хэлбэрээр үйл ажиллагаа явуулах ёстой. Харин хязгаарлалтын бүсэд уламжлалт мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрдөг. Гэтэл бодит байдалд бүсчлэлийн энэ хил зааг Горхи, Тэрэлжид алдагдаж, цогцолборт газар бүхэлдээ суурьшлын бүс болов. Аль нь аялал жуулчлал, хязгаарлалтын бүс гэдэг нь ялгагдахаа байлаа. Тухайн хэсгийг хариуцсан хамгаалалтын захиргааныхан ч хэчнээн өрх тэнд амьдарч буйг мэдэхгүй сууна.
Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Б.Эрдэнэбулганаас энэ талаар тодруулахад “Аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгж бий. Хэчнээн айл, хэдэн иргэн байгааг мэдэхгүй. “Цаас” харж байж л хэлэх боломжтой” гэж хариулав.
Туул голын эх орчим, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар малчин өрх олширч, малын тоо хэтэрснээс байгаль орчин ихээхэн доройтож байгааг судлаачид хөндсөөр ирсэн. Гэтэл хамгаалалтын захиргааныхан бэлчээрийн даацын судалгаа хийлгүй зургаан жил болжээ. Одоогийн нөхцөл байдлын талаар ямар ч чиг баримжаагүй байгаа гэсэн үг. Тэд “Энэ жил бэлчээрийн даац болон нөөцийн судалгаа хийх зорилготой” гэв. Тэрчлэн БОАЖ-ын өмнөх сайдын гаргасан тушаалын дагуу тухайн бүсэд газар нэмж олгохгүй байгаа гэж мэдээлэв. Гэвч тэнд гэрчилгээгүй, зөвшөөрөлгүй айлууд дуртай газраа хашаа татаж, гэр барьж байна. Үүнийг тэр хавийнхан ч хэлсэн. Газрын гэрчилгээгүй, оршин суух зөвшөөрөлгүй атлаа он удаан жил нутаглаж, амьдарсан өрхүүд ч бий. Горхийн баруун, зүүн салаанд 10-40 жил амьдарсан хоёр айлынхантай уулзахад аль аль нь бичиг баримтггүй байв. Нэг нь “Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ сунгуулахаар дүүргийнхээ ЗДТГ-т өгсөн” гэсэн бол нөгөөх нь “Байгаа ч хугацаа нь дууссан” гэдэг баталгаагүй тайлбар хэлсэн.
Энэ байдал хэвээр үргэлжилбэл 10 жилийн дараа гэхэд Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар аялал жуулчлалын бүс гэдэг тодотголоосоо бүрэн салж, хотын захын гэр хорооллууд шиг улам өргөжих нь. Тус газрыг зорьж очих жуулчин олдохгүй нь. Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг сайжруулах, хууль бус газар олголттой тэмцэх, аялал жуулчлалыг байгальд ээлтэйгээр хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа мэдэгдээд буй БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон түүний багийнхан нэн түрүүнд Горхи, Тэрэлжид анхаарч, нийслэлчүүдийг амарч зугаалах газартай нь үлдээгээсэй.