Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, аадар бороо ойрхон давтамжтай орж байгаагаас тус газруудаас эх авдаг томоохон голуудын усны түвшин эрс нэмэгдэн, үерлэснийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Өчигдрийн байдлаар Хэнтийн нурууны баруун хажуугаас усжих Ерөө, Туул, Зэлтэр, зүүнээс эхтэй Эг, Барх, Балж, Онон, Улз, Хэрлэн, Хангайн нурууны арын Идэр, Чулуут, Зэгстэй гол болон Сэлэнгэ мөрний усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см-ээр нэмэгдсэн байв. Эдгээрээс Хүдэр, Туул, Онон, Хэрлэн, Халх, Улз, Ховд гол зарим хэсгээрээ үерийн түвшнийг 10-55 см-ээр давжээ. Харин Хэрлэн гол Төв аймгийн Мөнгөнморьт сум, Багануур дүүрэг орчимд, Балж Хэнтийн Дадал сум хавьцаа үерийн аюултай түвшнийг 10-45 см-ээр давсан аж. Хэрлэн голын усны түвшин өнөөдөр Багануур дүүрэг орчимд 40, энэ сарын 25-26- нд Өндөрхаанд 30-50 см-ээр нэмэгдэх төлөвтэй гэнэ. Мөн Туул, Онон гол ч энэ хэмжээнд үерлэж болзошгүй байгаа гэнэ. Иймд голын сав газар дагуу суурьшиж, зусаж буй малчид, орон нутагт амралт зугаалгаар явж байгаа хүмүүсийг үерийн аюулаас болгоомжлон, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Бэлтгэсэн Н.Буян