Хүнсний аюулгүй байдал өнөөдөр Монгол Улсад ямар байгаа вэ гэдэгт олон хүн таагүй хариулт өгөх нь лавтай. Өнгөрсөн сард олны анхааралд өртсөн “Эмээлт” дэх махны үйлдвэрүүдийн нөхцөл ч манайд хүнсний аюулгүй байдал ямар буйг илтгэнэ. Монголчууд бидний өдөр тутмын хэрэглээ болсон малын махыг хятадууд өндөр үнээр авч, дарж байсны горыг нийслэлчүүд амсан, жил бүрийн намар, өвөл буурдаг байсан ханш нь ч огт хөдлөхөө больсон билээ. Улаанбаатарчуудын хүнсний хэрэгцээнд нийлүүлж байсан мах өнөөдөр харийнхны тогтоож, хөөрөгдсөн үнээр хэрэглэгчдэд хүрч байгаа гэхэд ч хилсдэхгүй. Хэдийгээр хил хаалттай, мах экспортлохгүй байгаа ч гэлээ хятадууд өндөр үнээр авсан махаа ямар байдалд, юунд хольж байсныг цахим мэдээллийн хэрэгслийн сурвалжилгаас уншигчид тодорхой харсан. Тиймээс илүүг нуршихаас татгалзъя. Харин мэргэжлийн хяналтын байгууллагынхан төдийгүй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-ныхан ажлаа зохих ёсоор хийгээгүй, албан үүрэгтээ хайнга хандсанаас монголчууд бид экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж үзсээр ирсэн малын махаараа бэлтгэсэн бэлэн бүтээгдэхүүн худалдан авч идэхээсээ эмээдэг боллоо.
ТАГНУУЛЫНХНЫ ШАЛГАЛТЫН ҮР ДҮН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ ӨӨРЧЛҮҮЛЖ БАЙЖЭЭ
Үндэсний аюулгүй байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг бол хүнсний аюулгүй байдал байдаг. Тиймээс төрөөс баталсан хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ, түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт зэргээс бүрдэх цогц зүйл нь энэ салбарын аюулгүй байдалд хамаардаг. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сард тагнуулын байгууллагынхан “Эмээлт” дэх махны үйлдвэрүүдийг шалгаж байсан билээ. Тухайн үед фэйсбүүк, твиттерт “Манай тагнуулынхан махны үйлдвэр шалгалаа”, “Махны үнэ өссөн шалтгааныг тагнуулынхан шалгадаг болжээ” гэх мэтээр бичиж байсан. Угтаа бол тагнуул үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллага тул хуулиар хүлээсэн ажлаа хийсэн юм. Манай улсын Хүнсний тухай хуулийн 3.1.6-д “Стратегийн хүнс гэж монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай малын мах, сүү, тарианы үр, улаан буудай, гурил, ундны усыг ойлгоно” гэж заасан. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.4.1 дэх хэсэгт “Хүнсний аюулгүй байдал”, 3.4.2-т Хүнсний аюулгүй байдал гэсэн хэсгүүдийг мөрдөж ажиллах үүргийг УИХ, Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газар, хууль сахиулах болон тусгайлсан чиг үүрэгтэй, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагууд гүйцэтгэнэ гэж хуульчилсан байдаг.
Тэгэхэд “Эмээлт” түүхий эдийн захад үйл ажиллагаа явуулж буй өмнөд хөршийн иргэдийн хөрөнгө оруулалттай махны үйлдвэрт Баян-Өлгий аймгаас ачааны машинаар хүнсний стандартын шаардлага хангахгүй, үхсэн болон өвчтэй малын 20 тонн мах нийлүүлсэн байж болзошгүй гэх мэдээлэл тагнуулын байгууллагад ирсний дагуу шалгаж, нэгэн махны үйлдвэрт ачаагаа буулгах гэж байхад нь газар дээр нь таслан зогсоосон.
Монгол Улсаас мах экспортлох зөвшөөрөлтэй гадаадын хөрөнгө оруулалттай зарим аж ахуйн нэгжийн удирдлага гадаадын иргэдийг хууль бусаар ажиллуулж, үхсэн малын махыг өнгө, үнэр оруулах химийн бодис ашиглан сэргээх, зумлах, махан таташ болгож хиамны үйлдвэрүүдэд нийлүүлж байж болзошгүй гэх асуудал тухайн үед ч сөхөгдсөн юм. Тэр үйлдвэрүүд маш бохир орчинд мал нядалж, мах боловсруулан бэлтгэж байсан нь шалгалтаар тогтоогдсон бөгөөд хонь, адууны их хэмжээний мах нөөцөлж, хавар нь үнэ өсгөж худалдахаар бэлтгэснийг ч илрүүлсэн байна.
Энэ шалгалтын дараа мэргэжлийн хяналтын байгууллагынхан ажлаа хангалтгүй хийж байгаа талаар ч дүгнэсэн юм билээ. Тиймээс 2013 оноос мөрдөж байсан Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журмыг Засгийн газрын хуралдаанаар шинэчлэн батлуулсан байдаг. Бас махны үнийг ч тогтворжуулсан юм даг. 2019 оны наймдугаар сарын 14-нд Засгийн газрын хуралдаанаар баталсан 329 дүгээр тогтоолд зааснаар хуулийн этгээд буюу мах бэлтгэж боловсруулах, экспортлох зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд стратегийн хүнсийг экспортлоогүй, импортлоогүй тохиолдолд яам зөвшөөрлийг нь хүчингүй болгож энэ тухай цахим мэдэгдлийг тухайн хуулийн этгээдэд хүргүүлэн, гаалийн болон хүнсний хяналт хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх, хүчингүй болгосон зөвшөөрөлд заасан тоо хэмжээнд ногдох стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрлийг мөн журмын дагуу дахин сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр олгох, хуулийн этгээд зөвшөөрлийг бусдад дамжуулах, шилжүүлэх, худалдахыг хориглохоор заасан байгаа юм. Гэтэл аж ахуйн нэгжүүд ямар үйл ажиллагаа явуулж байсныг хэдхэн хоногийн өмнө ЭЦА-ныхан шалгалтаараа бэлээхэн нотолчихсон гэхэд хилсдэхгүй.
ХИЛ ХААЛТТАЙ БАЙСАН НЬ СТРАТЕГИЙН ХҮНС ЭКСПОРТЛОХ ЖУРМЫГ ЗӨРЧИХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХ УУ
“Эмээлт”-д үйл ажиллагаа явуулж байсан “Эм ди си пи” ХХК-ийн “Хиам консервын үйлдвэр” (ХКҮ)-ийн шошгыг ашиглаж байсан гэх асуудлыг өдгөө ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж буй. ХКҮ компанийнхныг мах экспортлох квот буюу тусгай зөвшөөрлөө “Эм ди си пи”-д ашиглуулсан, зарсан байж болзошгүй хэмээн шалгалтын ажиллагаа явуулж буй бөгөөд НПГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.12-т заасан “Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх”, 24.3-ын “Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн билээ.
Мах бэлтгэж боловсруулах, экспортлох тусгай зөвшөөрөл авсан 32 аж ахуйн нэгж “Эмээлт”-д үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэдний нэгээс бусад нь өмнөд хөрш рүү мах гаргах эрхтэй гэдгийг МХЕГ-ын удирдлага хэлж байсан. Хууль хяналтын байгууллагынхны явуулсан шалгалтаар мах экспортлох тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүд “Ковид-19”-ийн улмаас хил хаахаас өмнө ч, хорио цээрийн дэглэм тогтоосны дараа ч Стратегийн хүнс экспортлох журмыг зөрчиж байсан нь илэрхий болсон аж. Нэг бус улстөрчийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд мах экспортлох зөвшөөрлөө жижиг компанид ашиглуулж байсан нь илэрхий болжээ. Уг нь Засгийн газрын 329 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журмын 4.5-д “Хуулийн этгээд зөвшөөрлийг бусдад дамжуулах, шилжүүлэх, худалдахыг хориглоно” гэж заасан. Гэтэл өчнөөн аж ахуйн нэгж квотоо бусдад ашиглуулж байхад ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, харьяа байгууллагынхан нь нүдээ аниад өнгөрч. Нэг бус удаа ийм байдлаар өнгөрөөсөн нь гарцаагүй. Хэдэн жилийн өмнө тагнуулынхан ч, цагдаагийнхан ч “Эмээлт” дэх махны асуудлыг шалгаад мэргэжлийн хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхээр шилжүүлэхэд тэгсхийгээд замхарсны цаана магадгүй хээл хахууль, авлигын шинжтэй үйлдэл байхыг ч үгүйсгэхгүй. Ер нь мэргэжлийн хяналтын байгууллага хуулиар хүлээсэн үүргээ, ажлаа хангалтгүй хийж байсныг тагнуулынхан Засгийн газрын тэргүүнд өгсөн танилцуулгадаа онцолсон гэдэг.
Хил хаахаас өмнө ч, дараа нь ч өмнөд хөрш рүү мах экспортолж байсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлж байсан. Тодруулбал, “Махны экспортын тухайд манай улс жилд нийтдээ 44.2 мянган тонн мах нийлүүлдэг. Сүүлийн гурван жилд 105 мянган тонн мах экспортолж, 245 сая ам.долларын орлого олсон дүн мэдээ байна” гэж махны үйлдвэрүүдийн асуудал олны анхааралд өртсөн энэ сарын эхээр өгүүлж байсан юм. Хил хаахын өмнөхөн маш их хэмжээний махыг Замын-Үүд, Эрээнд хүргэсэн бөгөөд багагүй хэсэг нь зөвшөөрлөө бусдад дамжуулан ашиглуулсан гэх мэдээлэл ч хууль хяналтын байгууллагынханд ирж байсан гэдэг. Тэгэхээр хууль сахиулах байгууллагынхан сайтар шалгаж, нягталбал БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлтэй 31 аж ахуйн нэгжийн хэд нь өөрийн байргүй, өмнөд хөршөөс зөвшөөрөл авч чадаагүй зэрэг шалтгааны улмаас тусгай зөвшөөрлөө бусдад ашиглуулав гэдгийг тогтоох нь дамжиггүй. Магадгүй зарим нь хил хаалттай байсан учир махаа гаргаж чадаагүй, эсвэл өөр аж ахуйн нэгжид ашиглуулсан гэх шалтаг, шалтгаан тоочих нь дамжиггүй. Энэ нь тэднийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй нь Засгийн газрын 329 дүгээр тогтоолын хавсралтын 4.5 дахь заалтаас тодорхой харагдаж байна.
ДЭЛХИЙ НИЙТ ХЭРЭГЛЭХЭЭС ТАТГАЛЗСАН ХИМИЙН БОДИС АШИГЛАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ХЭН ОЛГОВ
БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөл авсан 31 үйлдвэрийн 15 нь дулааны аргаар мах боловсруулсан бүтээгдэхүүн хилээр гаргах эрхтэй. Тэдгээр аж ахуйн нэгжид мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээнд үндэслэж, олон улсад экспортлох зөвшөөрөл өгдөг. Зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүд мах экспортлох болон мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ аваагүй, бүтээгдэхүүнээ хилээр гаргах зөвшөөрөлгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс тайлбарласан. Мөн дулааны аргаар боловсруулсан мах нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлээгүй хэмээж буй.
Дулааны аргаар боловсруулсан махыг борлуулах зах зээл ихээхэн хумигдмал. Хятадын цөөн аж ахуйн нэгж л авахаас биш бусад орон төдийлөн сонирхохгүй юм билээ. Учир нь эл аргаар мах боловсруулахад ашигладаг, олон нийтийн сүлжээгээр “цагаан нунтаг” хэмээн бичиж байсан формальдегидийг ДЭМБ-аас хүнсэнд ашиглахыг хориглосныг мэргэжлийн хүмүүс тайлбарлан хэвлэлд ярилцлага, нийтлэл гаргаж байв. Манайх ч ДЭМБ-ын гишүүн орны хувьд уг бодисоос татгалзсан атал өмнөд хөрштэй байгуулсан гэрээ, хэлэлцээртээ формальдегидийг ашиглаж болохоор тусгасан аж. Ингэснээр дэлхий нийтэд хориглосон химийн бодисыг манай улсын хилээр нэвтрүүлж, хүнс үйлдвэрлэх, экспортлох үйл ажиллагаандаа ашиглаж байсан нь илэрхий боллоо. Тиймдээ ч ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан “Эм ди си пи” ХХК-ийн удирдлагыг Эрүүгийн хуулийн 24.3-3-т заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн” гэх үндэслэлээр хэрэг нээн шалгаж буй.
Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр өчигдөр тагнуул, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагынхан уулзаж, хүнсэнд ашиглахыг хориглосон формальдегид хэмээх бодисыг хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл хэрхэн олгосон, дулааны аргаар мах боловсруулахад бага хэмжээний агууламжтай уг бодисыг ашиглаж болохоор журамласан шийдвэр хэрхэн гаргасныг нарийвчлан тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Бидэнд олдсон албан бус мэдээллээр хүнс, хөдөө аж ахуйн салбарын нэлээд өндөр албан тушаалтан өмнөд хөршийн талтай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн хүрээнд формальдегидийг ашиглаж, дулааны аргаар мах боловсруулах зөвшөөрөл олгосон байх магадлалтай аж. Энэ бүхнийг хууль сахиулагчид тогтоох нь лавтай. Гэхдээ олон улсад хориглож, хязгаарласан химийн бодисыг хүнсэнд ашиглаж буйд хяналт тавиагүй мэргэжлийн хяналтын байгууллагынхан, түүнийг илрүүлж чадахгүй тоног төхөөрөмжтэй Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторитой байгаа бид эрүүл хүнс хэрэглэнэ гэдэг баталгаа бий, эсэх нь эргэлзээтэй.