Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Тамгын газрын дарга М.Баянмөнх, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж тэргүүтэй гурван хүнд холбогдох хэргийг нэмж шалгаж дуусжээ. Дээрх хоёр хүн албан тушаалаа урвуулж, Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсанд барьсан “Алтан богд” хотхоны барилгыг улсад хүлээн авахын тулд хахууль авснаа өөрсдөө хүлээн зөвшөөрсөн билээ. Улмаар хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэхээр хандсан ч шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаагаад байсан юм. “Алтан богд” хотхоныг барьж ашиглалтад оруулсан “Эсү трейд” ХХК-ийг үүсгэн байгуулагч, “Сандэй плаза”-гийн эзэн Т.Бат-Өлзийгийн охин Б.Сэлэнгэтэй хамтран амьдрагч залуу нь дээрх хоёр хүнд хахууль өгснийг АТГ-ын мөрдөгчид уг нь хөдөлбөргүй тогтоосон аж. 140 айлын орон сууц бүхий үйлчилгээний зориулалттай “Алтан богд” хотхоны барилгыг хүлээн авахын тулд М.Баянмөнх нь албаныхаа чиг үүрэг буюу НМХГ-ын Тамгын газрын даргын албан тушаалд хамааралгүй байсаар атал Барилга байгууламж ашиглалтад оруулах комиссын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд 2021 оны аравдугаар сарын 29-нд Төрийн банкны дансаараа “зээл” гэсэн утгаар гурван сая, дараа сарынх нь 11-нд Хан-Уул дүүргийн “Жаргалан” хотхоны гадна “Ланд круйзер-200” автомашин дотор бэлнээр 40 саяыг авчээ. Түүнээс хойш гурван долоо хоног шахмын дараа буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 28-нд 30 сая төгрөг бэлнээр авсан. Харин Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж өнгөрсөн оны аравдугаар сарын 19- нд Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дахь нэгэн рестораны вип өрөөнд гурван мянган ам.долларын хахууль авсан аж.