БОАЖЯ байгаль, түүх, соёлын аялал жуулчлалын дурсгал бүхий 34 газарт жуулчдад зориулсан түр буудаллах, отоглох цэг байгуулахаар ажиллаж буй. Одоогийн байдлаар зургаан газарт ийм ажил өрнөж байгаа бол Өмнөговь аймаг анхны отоглох цэгээ өнгөрсөн баасан гарагт хүлээж авлаа. Алтайн нурууны үргэлжлэл Говь гурвансайханы нурууны хамгийн өндөр цэг болох Зүүн сайхан уул, Ёлын амыг зорих жуулчид тухтай орчинд саатах боломжтой болов.
Отоглох цэгийг 100 орчим сая төгрөгөөр байгуулсан бөгөөд энэ нь явган хүний зам, автомашины зогсоол, сүүдрэвч, ариун цэврийн байгууламж, ил гал түлэх, майхан барих зориулалтын талбай зэргээс бүрдсэн байна. Ёлын аманд байгуулсан отоглох цэгийг цаашид Даланзадгад сумын ЗДТГ, Говь гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хариуцах аж. Өмнөговьд өөр нэг газарт ийм бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж байгаа нь Сэврэй сум дахь Дуут манхан юм.