“Ойн судалгаа, хөгжлийн төв” УТҮГ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн дөрвөн баг өнгөрсөн жил ойн сан бүхий 11 аймгийн 87 сум, нийслэлийн ногоон бүсийг хамруулсан 1.3 сая га талбайд хортон шавжийн судалгаа хийхдээ Богдхан уулд Якобсоны төөлүүрч эрвээхэй голомтлон тархсаныг тогтоосон. Үүний дараа тус газар Хүрэлтогоот, Бумбат, Харганат, Хүрхрээгийн аманд шавж устгалын ажил зохион байгуулсан юм. Харин өнөө жил БОАЖЯ, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан нийслэлчүүдийн аялж, алхдаг гол чиглэл болох Ар зайсангийн амнаас энэ ажлыг эхлүүллээ. Ойн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг өнгөрсөн баасан, бямба гарагт тухайн бүсэд онгоцоор хортон шавж устгах бодис цацав.
Тус бодисын нөлөөллийн хугацаа нь сар хэртэй үргэлжилдэг тул иргэдийг Богдхан ууланд зорчихгүй байхыг дээрх байгууллагуудаас анхаарууллаа. Ташрамд дурдахад, нийслэлийн Байгаль орчны газар энэ онд хотын ногоон бүсийн 1600 га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг авиахими болон микробиологийн аргаар хийхээр төлөвлөжээ.