Цэргийн албанд татагдан ирээд сар гаруйхан болсон хугацаат цэргийн алба хаагч нас барсан харамсалтай явдал хэдхэн хоногийн өмнө гарлаа. Энэ удаад зэвсэгт хүчин болон хилийн цэрэгт бус, Дотоодын цэргийн Одонт хороо буюу 05 дугаар ангид эл явдал болов. Талийгаачийн нас барсан шалтгаан нь урьдчилсан байдлаар ходоодны өвчтэй байсантай холбоотой гэж эмч нар үзэж байна.
2022 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагаар Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдсан залуус өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт тангаргаа өргөж, энэ баярт үйл явдалд ар гэрийнхэн нь оролцжээ. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргээс татагдсан цэргийн алба хаагч Н хэт хурц хоол, хүнс идсэнээс болсон уу, орой нь хоолны хордлогод орсон байж болзошгүй бие нь өвдөж, ангийнхаа эмч, сувилагчид хандсан гэнэ. Дотоодын цэргийн 05 дугаар ангийн эмч, сувилагч нар зохих эмчилгээ хийсэн ч үр дүнгүй байсан тул Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хүргүүлсэн аж. Тэнд нэлээд олон цаг үргэлжилсэн мэс заслыг яаралтай хийсэн ч сэхэл авахгүй байсаар нас баржээ. Ар гэрийнхэн нь түүнийг цэргийн дарамт, дэглэлтээс болж амиа алдсан байж болзошгүй гэж үзэж буй. Харин 05 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Мөнхсолонго “Холбогдох байгууллагаас шалгалт хийж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй, элдэв дарамт дэглэлт байгаагүй” хэмээв.
Хугацаат цэргийн алба хаагч нас барсан асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газар, Дотоодын цэргийн Штабын хяналт шалгалтын алба, ХЭҮК, Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн гээд олон газраас дээрх ангид шалгалт хийж буй аж. Баттай эх сурвалжуудын мэдээлснээр тангаргийн баярын дараа байлдагч Н хордлогод ороод ангийн эмнэлэгтээ хандахад эмч нар нь түүнийг юу идсэнийг тодруулсан байна. Тэрбээр ар гэрийнхнийхээ аваачиж өгсөн алаг салатыг идсэн, наранд нэлээд халсан байсан хэмээн эмч, сувилагч нартаа хэлсэн гэнэ. Магадгүй үүнээс үүдэлтэйгээр хордлого үүсэж, цаашлаад ходоодны урхаг өвчнийг нь сэдрээсэн байж болзошгүй нь. Хууль хяналтын байгууллагынхан ар гэрийнхнийг нь оролцуулан талийгаачийн цогцост өнөөдөр задлан шинжилгээ хийж, нас барсан шалтгааныг нь тогтоох юм байна.
Хэрэв тэрбээр цэргийн албанд ирэхээсээ өмнө суурь өвчтэй байсан бол цэрэг татлагыг муу зохион байгуулсан Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаяр, БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Гандирваа нар хариуцлага хүлээх ёстой. Цэргийн албанд татаж буй залуусыг хоёр ч шатны эрүүл мэндийн үзлэгт хамруулж, зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэгт хуваарилдаг. Талийгаач байлдагч Н-д хийсэн задлан шинжилгээгээр архаг хууч өвчнөөсөө болж амиа алдсан нь тогтоогдвол нэр дурдсан албан тушаалтнуудад цэрэг татлагыг сайн зохион байгуулж чадаагүй гэж хариуцлага ногдуулах нь зүйд нийцнэ. Мэдээж эрүүл мэндийн шалтгаантай залуусыг хүнийхээ тоог гүйцээх гэж хугацаат цэргийн албанд татсан Сонгинохайрхан дүүргийн Цэргийн штаб, эрүүл мэндийн байгууллагынханд ч хариуцлага тооцох ёстой.
Харин цэргийн албанд ирээд элдэв дарамт, дэглэлтээс болж эрүүл мэнд нь доройтсон бол дээрх ангийн өдөр тутмын үйл ажиллагааг нь хариуцаж байдаг Дотоодын цэргийн Штабын дарга, хурандаа Р.Чингис тэргүүтэй тус штабынхан хариуцлага үүрэх ёстой.