Улсын Дээд шүүхийн өчигдрийн хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхээс цаазаар авах ял оноосон нэгэн хэргийг хэлэлцэв. Дэлхий дахин цаазаар авах ялаас татгалзаж буй энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч уг ялаас татгалзах санаачилга гаргаж, олон улсын байгууллага ч үүнийг нь талархан хүлээн авсан. Ерөнхийлөгч энэ санаачилгыг гаргас наас хойш шүүх онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүнд цаазаар авах ял тэр бүр оноогоогүй, уг ялыг ч гүйцэтгээгүй. Ялын дээд хэмжээг анхан шатны шүүхээс оноосон бол давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хөнгөрүүлэн 25 жилийн хугацаагаар хорих болгож өөрчилж байсан юм.
Өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн хэргийн шүүгдэгч С.Нэргүйн тухайд тэрбээр өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, нэг хүний амь насыг санаатай бүрэлгэж, нөгөөг нь хөнөөхийг завдсан хэрэг үйлджээ. Түүнд Баянзүрх дүүргийн шүүхээс өнгөрсөн зургадугаар сард ялын дээд хэмжээ оноож, Нийслэлийн шүүх уг ялыг нь хэвээр баталсан байна. Манай Эрүүгийн хуульд цаазаар авах ял оноох зүйл анги байгаа учраас ийнхүү шийдвэрлэсэн аж.
Харин Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид уг хэргийг хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу, шүүхийн хэлэлцүүлэг, хавтаст хэрэгт байгаа баримтад тулгуурлан шийдвэрлэхэд учир дутагдалтай гэж үзээд нэ мэлт мөрдөн байцаалтад буцаав.
Г.ОРЧЛОН