НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас санаачилсан Дэлхийн ган, цөлжилттэй тэмцэх өдөр өнөөдөр тохиож буй. Улс орнууд энэ удаа тус өдрийг “Гангийн үр дагаврыг хамтдаа давъя” гэсэн уриан доор тэмдэглэн өнгөрүүлж, байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах чиглэлээр хийсэн ажлынхаа туршлагаас хуваалцан, хамтдаа даван туулах гарц, боломж эрэлхийлж байна. Тус өдрийг угтсан хэлэлцүүлгийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн, Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төслийнхөн өчигдөр зохион байгууллаа. Манай улс 2021 онд “Шинэ сэргэлтийн бодлого” батлахдаа ногоон хөгжлийг сэргээх зорилтуудаа тодорхойлсон. Тэгвэл эл зорилтыг хангах ерөнхий төлөвлөгөөг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан боловсруулж, хэрэгжүүлж эхэлснийг албаны хүмүүс хэлэлцүүлгийн үеэр онцлов.
НҮБ-ын Уур амьсгалын ногоон сан, Даян дэлхийн байгаль орчны сан өдгөө манай улсын таван аймагт цөлжилт бууруулах, бэлчээрийн менежмент сайжруулах зорилготой, 28.4 сая ам.долларын санхүүжилттэй төсөл хэрэгжүүлж байгааг судлаачид дурдсан юм. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагынхан 2020 онд Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Өмнөговь, Ховд зэрэг цөлжилтөд нэн хүчтэй өртсөн аймагт ажиллаж, 235 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулжээ. Харин энэ жил Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Хэнтийд цөлжилттэй тэмцэх, элсний нүүдэл сааруулах ажил хийхээр төлөвлөжээ.