Улиасны цагаан хөвөн буюу унгирал ялгарч, агаарт хийсэх нь хэн бүхэнд таатай байдаггүй. Унгирал ялгарах нь нэг ёсондоо модны үр хөврөл гэдэг. Эр улиасны тоосонцор эм модонд бууснаар цагаан үр агаарт тархаж буй юм.. Жил бүр улиасыг тайрч тэгшлэх зэргээр арга хэмжээ авдаг ч үр дүнгээ өгдөггүй. Унгирал хотын гудамжаар хөглөрсөөр байна. Харин үүнийг ялгаруулахгүйн тулд улиасанд тариа тарина гэдгийг Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр өнгөрсөн жил мэдээлж байв. Харамсалтай нь, өнөөх улиасны унгирал байсаар л. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Ногоон байгууламж тохижилтын нэгдсэн төлөвлөлт, бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн, доктор Д.Сүхбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Улиасны унгиралыг ялгаруулахгүйн тулд өнгөрсөн жил тариа туршилтаар тарьсан. Энэ ажлын үр дүн хэр байсан бэ?
-Улаанбаатар хотод 38 800 улиас байдгаас 46.9 хувь нь эм. Өнгөрсөн жил ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн ургамлын анатоми, экофизиологийн лабораторийн эрдэмтэдтэй хамтран 2000 улиасанд унгирал багасгах тарилга хийсэн. Өөрөөр хэлбэл, манайд буй улиасны үндсэн зүйлд тохирох, эсэхийг туршсан. Үр дүн нь жилийн дараа гардаг бөгөөд ирэх сард ажлын тайланг танилцуулах юм. Уг ажилд зургаан сая төгрөг зарцуулсан.
-Уг тариаг тариад бодит үр дүн гарсан туршлага бусад улс оронд бий юү?
-Энэ аргыг Хятадад түгээмэл хэрэглэдэг. Тухайлбал, 2008 оны Бээжингийн олимпын үеэр тариагаар улиаснаас унгирал ялгарахыг зогсоож байсан.
-Өөр ямар аргаар унгирлыг багасгах боломжтой вэ?
-Манайд хэлбэржүүлэх буюу массыг багасгах, үрлэсэн үед нь хүчтэй даралттай урсаар шүрших, эсвэл гараар түүх зэрэг тэмцлийн гурван арга хэрэгжүүлдэг.
Бэлтгэсэн М.Мөнхжаргал