Үр шилжүүлэн суулгах, үргүйдлийг эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг RMC буюу “Реженератив медикал сентр” ХХК-ийн үр шилжүүлэн суулгах эмнэлэг, түүний захирал Э.Одхүүд холбогдох хэргийг өчигдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцлээ. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй, үргүйдлийг эмчлэх үйлчилгээтэй гэх нэр бүхий эм, тариаг үйлчлүүлэгчдэдээ борлуулж, эмчилгээнд ашиглаж байсан нь тогтоогдсон гэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дүгнээд гүйцэтгэх захирал Э.Одхүүгийн үйлдлийг Өршөөлийн хуульд хамруулан хэрэгсэхгүй болгосон. Харин “Реженератив медикал сентр” ХХК-ийг 50 сая төгрөгөөр торгож, үргүйдэл, үр шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон эрхийг нэг жил хассан билээ. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “Реженератив медикал сентр” эмнэлэг, захирал Э.Одхүү, тэдний өмгөөлөгч нарын гомдлын дагуу хэргийг хянаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.
Бэлтгэсэн Г.Равжаа