Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авах цогц арга хэмжээний төслийг хэлэлцэн, зарим шийдвэрийг гаргажээ. Энэ тухайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар мэдээлэл хийсэн юм. Тодруулбал, тархины саажилттай хүүхдүүдэд нэн шаардлагатай эмийн төлбөрийг төрөөс даахаар шийдвэрлэв. Мөн хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад тэдний хэрэглэдэг эмүүдээс шаардлагатайг нь оруулах чиглэл өгсөн байна. Төрөөс даах болон хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтыг энэ сардаа багтаан албажуулна гэдгийг Эрүүл мэндийн сайд дуулгасан. Түүнчлэн тархины саажилттай хүүхдүүдэд хийдэг, мэдрэлийн ёзоор тайрах хагалгааг дотоодод хийх боломжийг ирэх есдүгээр сард багтаан бүрдүүлэхийг Эрүүл мэндийн болон Гадаад харилцааны сайдад үүрэг болгожээ. Энэтхэг, Турк улсын эмч нарыг авчрахаар судалж буйгаа сайд С.Энхболд онцолсон бөгөөд туршлагатай эмч нарыг багаар нь урихдаа монгол эмч нартай хамтран ажиллуулж, сургахад анхаарах гэнэ. Тэрбээр “Олон улсын багийг авчирч ажиллуулахад зардлаас авхуулаад шийдвэрлэх олон асуудал бий. Цаашид дээрх хагалгааг дотооддоо хийх нь давуу талтай” гэв. Мөн сайд С.Энхболд “Тасалдаад буй уналт, таталтын эмийг гадаадаас оруулж ирэхэд заавал тусгай зөвшөөрөл шаардахгүй. Нэг удаагийн лиценз олгож байгаа. Ингэснээр хувь хүмүүс компани байгуулж, нэн шаардллагатай эмүүдийг нийлүүлэх боломж бүрдлээ” хэмээв. Үүнээс гадна байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн эцэг, эхийн аль нэгнийх нь нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс даах, халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхийг даалгасан байна. Халамжийн тэтгэврийн хэмжээ 188 мянган төгрөг бөгөөд цар тахалтай сүүлийн хоёр жилд 288 мянга болгон нэмэгдүүлээд буй. Энэ хэмжээгээр нь үргэлжлүүлэн олгохоор 2023 оны төсөвт тусгахыг Ерөнхий сайд чиглэл болгосон аж. Байнгын асаргаа шаардлагатай хүүхдийн асран хамгаалагчид 123, насанд хүрсэн иргэнийг асардаг бол 84 мянган төгрөгийг сар бүр олгодог. Тэгвэл асруулж буй иргэний хөгжлийн бэрхшээл, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь зэргээс нь хамааруулан харилцан адилгүй тогтоох талаар судалж, танилцуулахыг даалгажээ.
Мөн эцэг, эхгүй, байнгын асран хамгаалагчгүй, оюуны бэрхшээлтэй хүмүүсийн асаргааны газар байгуулах төсвийг ирэх оны төсөвт тусгахыг Ерөнхий сайд чиглэл болгосон байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг сурган хүмүүжүүлэгч, багшийн цалингийн 30 хувийн урамшууллыг тогтвортой олгон, цаашид нэмэгдүүлэхэд анхаарахыг Засгийн газрын тэргүүн даалгасан аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургаж байгаа сургууль, цэцэрлэгт олгох хувьсах зардлыг нь гурав дахин нэмэгдүүлэх талаар судлах үүрэг ч үүнд багтаж буй. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол, эрүүл мэнд, халамжийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх нэгдсэн төвийг Сонсголон дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээх засах хөгжлийн төвд байгуулахаар төлөвлөж байгаа аж. Үүнийг хариуцах ажлын хэсгийг байгуулсан гэнэ.