Хөгжлийн банкны хэрэг холбогдсон Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, яллагдагч Д.Эрдэнэбилэг Авлигатай тэмцэх газар болон шүүхэд хандан Хөгжлийн банкнаас авсан зээл, хохирол төлбөрийг төлж барагдуулна гэсэн хүсэлт гаргажээ. Шүүхээс түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан, мөн дээрх хүсэлтийг үндэслэн түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөв.
Тодорхой хэлбэл, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б.Даваажанцан, С.Амартүвшин нараас яллагдагч Д.Эрдэнэбилэгийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн гомдол гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцжээ.
Улмаар яллагдагч Д. Эрдэнэбилэгийн биеийн эрүүл мэндийн байдлын талаар ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн Нэгдсэн эмнэлгийн хариуцсан эмч нарын тодорхойлолтууд, тус эмнэлгийн Комиссын шийдвэр, яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай хэргийг мөрдөж хяналт тавьж байгаа мөрдөгч, прокурорын санал, яллагдагч Д.Эрдэнэбилэгийн зүгээс гаргасан “...биеийн эрүүл мэндийн байдал муу байгаа учраас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн Монгол улсын Хөгжлийн банкнаас авсан зээл, хохирол төлбөрийг төлж барагдуулах асуудалд бодитой арга хэмжээ авна” гэж Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд амаар гаргасан хүсэлт зэргийг харгалзан үзэж яллагдагч Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг цаашид зайлшгүй үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзэн түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өөрчилжээ. Ингээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчийн холбогдсон эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж дуусталх хугацаанд түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийнхэргийн анхан шатны шүүхийн тамгын газар