Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийнэ. Энэ хүрээнд Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх авто замын шинэчлэлийн ажил эхлээд байна.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр буюу зургадугаар сарын 16-ны 00.00 цагаас 20-ны 05.00 цагийн хооронд Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг бүхэлд нь хааж, цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэх гэж байна. Тус замд 2007 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй юм.
Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт Сүхбаатар дүүрэг дэх Ногоон нуурын гудамжны авто замд шинэчлэлийн ажил эхэлсэн. Үүнтэй холбогдуулан энэ бямба гаргаас буюу зургадугаар сарын 11-ний 22.00 цагаас 13-ны 06.00 цаг хооронд Хангай хотхоны уулзвараас 32-ын тойргийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг хааж, цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэсэн. Тус замд 2005 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй юм.