Улаанбаатар хотын иргэд гадаргын бус, гүний цэвэр ус хэрэглэдэг. Хотын хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, үүнтэй холбоотойгоор суурьшлын бүс хүрээгээ тэлж, барилга байгууламжууд шил даран шинээр баригдаж байна. Тухайлбал, Мянганы сорилтын сангийн буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын ундны цэвэр усны хоёрдугаар эх үүсвэрийг Сонгинохайрхан дүүргийн бэлд байгуулах тохиролцоо хийсэн байна. Уг ажил 2020 оноос хэрэгжиж эхлэн өдгөө бүтээн байгуулалт нь ид өрнөж буй. Ундны усны хоёр эх үүсвэртэй болсноор хотын иргэд 60 жил ундны цэвэр усанд санаа зовохгүй амьдрах нөхцөл бүрдэнэ.
Үүнийг даган хэрэглээний болон хэрэглэсэн усны менежмент ч шинэчлэгдэн сайжирч буй. Гэсэн ч нөгөө талдаа зохисгүй хэрэглээ, бүтээн байгуулалт, үйлдвэржилт зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр усны бохирдол бий болж, цаашдаа усны хомсдол үүсэх эрсдэл гарч буй юм. Учир нь Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 140-160 мянган метр куб буюу 150 сая литр ус хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.
Ус бидний амьдралын чухал нэгэн эд эс боловч өдгөө хүн төрөлхтөн энэхүү амин чухал зүйлээ хайрлаж, гамнаж чадахгүй байгааг илтгэх дараах судалгааг хүргэе.
- Нэг лааз шар айраг үйлдвэрлэхэд 303 литр ус ордог.
- Нэг тонн ган үйлдвэрлэхэд 300 тонн ус хэрэглэдэг.
- Нэг жинсэн өмд үйлдвэрлэхэд 9997 буюу 10 мянган литр шахам ус шаардагддаг.
- Стандарт хэмжээтэй ванныг нэг удаа дүүргэхэд 265 литр ус ордог.
- Таван минут шүршүүрт ороход 40-60 литр ус урсаж байдаг.
- Дэлхийн бүх усыг дөрвөн литрийн саванд багтаавал ундны ус ердөө нэг цайны халбага хэмжээтэй.