Дарь-Эхийн Ганцын болон Шинэ буудлын уулзварт өчигдөр 11.00 цагт очлоо. Замын хажууд өндөр төмөр хашаа барьжээ. Харин ар талаар нь хоёр метр орчим өндөрт цементэн хашлага босгож, “Галын аюултай бүс” гэсэн анхааруулга бичсэн байв. Энд ШТС барьж буй аж. Хашааны ар, хажуугаар олон айл байлаа. Уг нь ШТС-ын бүсэд 50 метрээс дотогш айл байж болохгүй гэсэн журамтайсан. Төмөр хашааг гаднаас нь балбаж манаачийг нь дуудахад инженер П.Эрдэнээ гарч ирээд “Би гэрээгээр ажиллаж байгаа болохоор тодорхой зүйл мэдэхгүй. Хариуцсан хүн нь хааяа ирж, шалгаад буцдаг. “Golden chance” гэдэг компани бариулж байгаа. ШТС-ын хамгаалалтын хашаанаас 20 метрийн зайд айл байж болдог гэсэн” хэмээн ярилаа. Иргэн Д.Энхээтэй уулзахад “Энэ хүмүүс гэнэт л газар тэгшлээд эхэлсэн. Хэрэв ШТС-д гал гарвал энэ хавийн айлуудад маш аюултай. Манай гудамж мухар. Хажуугийн хашааны айлууд ганц хаалгаар дамжиж гэртээ орцгоодог юм” гэв. Тус хорооны Засаг дарга Л.Атараа “Уг нь айлууд дунд ШТС барьж болмооргүй юм. Тэд нийслэлийн Засаг даргын тусгай зөвшөөрөл үзүүлсэн. “Шунхлай” компанийнх юм билээ” гэлээ.