Азийн хөгжлийн банк “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд аялал жуулчлалын гол бүс болсон газруудад хатуу хог хаягдал булж, устгах зориулалттай байгууламж барихаар төлөвлөжээ. Эхний ээлжид Хөвсгөл аймгийн Ханх, Алаг-Эрдэнэ, Хэнтийн Дадал сумд үүнийг хэрэгжүүлэхээр сонгосон. Тэгвэл энэ онд багтаан Алаг-Эрдэнэ сумынхыг ашиглалтад оруулахаар төлөвлөж, ажлаа эхлүүлснийг БОАЖЯ-наас мэдээллээ.
Байгууламжуудыг ижил зураг, төслөөр барих боловч тухайн сумын хүн ам, жуулчдын урсгал, хог хаягдлын хэмжээ зэргээс хамаараад багтаамж нь харилцан адилгүй байх нь. Алаг-Эрдэнэ сумынхыг 50, Дадлынхыг 28.4, Ханхынхыг 15.1 куб метр багтаамжтайгаар төлөвлөжээ. Энэ нь хог хаягдлыг хөрсөнд нэвчүүлэхгүй устгахаараа онцлог гэнэ. Хог устгах технологи бүхий үндсэн байгууламжаас гадна ажилчдын байр, хаягдал хүлээн авах талбай, дэд станц, хүнд машин механизмын зогсоол, шороо нөөцлөх хэсэг, шүүрлийн талбай, агуулах, далан зэргийг зураг, төсөлд тусгажээ.
Хог хаягдал устгах байгууламжийн зураг төслийг “Эн эй пи” групп боловсруулсан бол гүйцэтгэгчээр “Билгүүн од констракшн”, “Хэмжил зүй” ХХК ажиллаж байна.