Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хил хамгаалах байгууллагынхан нэгдэж, “Ногоон хэрэм-2” төслийг үе шаттай хэрэгжүүлж буй аж. Уг ажлын хүрээнд тус байгууллага өнгөрсөн баасан гарагт Төв аймгийн Баянчандманьд мод үржүүлгийн агропарк нээжээ. Хоёр сарын хугацаанд нарс, шинэс, улиас, хайлаас, бургас, үхрийн нүд зэрэг 13 нэр, төрлийн 330 000 орчим модны үрсэлгээ, суулгацыг бойжуулан ургуулж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар “Энэхүү агропаркт бойжуулсан модыг 2-2.5 жилийн дараа цэргийн анги, боомтын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, говийн бүсийн булаг, шанд бүхий баянбүрдийг хамгаалах, хил хамгаалалтыг нягтаршуулах зэрэгт зориулна” хэмээв. Түүнчлэн хилийн цэргийн бүх ангид мэргэжлийн агрономич ажиллуулж эхэлсэн бөгөөд 3000 гаруй гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчийг анхан шатны сургалтад хамруулж, ойжуулагч мэргэжил эзэмшүүлж буй гэнэ. Дэд түрүүч Б.Энххөгжил “Баянгол дүүргээс 2021 оны хоёрдугаар ээлжээр татагдан ирж, хилийн цэргийн тусгай салбарт хуваарилагдан ажиллаж үрэн үржүүлэг, суулгац, мөчирт мод тарьж, хөрсөө бэлтгэх, мод арчлах болон услах зэргийг сурсан” гэлээ. Агропаркийн нээлтийн үеэр “УБТ гарден” компани “Ногоон хэрэм-2” төсөлд нэгдэж, нэг сая модны суулгацыг үнэ төлбөргүй нийлүүлэхээ мэдээлэв. Хил хамгаалах байгууллага хилийн дагуу мод тарихад шаардагдах 16 сая модыг хангахын тулд хилийн цэргийн нийт 24 ангид “Мод үржүүлгийн төв”, таван ангид агропарк байгуулжээ.
Бэлтгэсэн М.Мөнхжаргал