Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Дэлхийн банкны суурин төлөөлөгч, тус банкны Санхүүгийн корпорацын Азийн бүсийн менежер болон төслийн зөвлөхүүдийг хүлээн авч уулзжээ. Эргэн сануулахад, дээрх яам Дэлхийн банкны ОУСК-ын техникийн туслалцаатайгаар “Салхины эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар хэрэгжүүлэхээр өмнөх оноос эхлэн ажиллаж, “Салхин цахилгаан үүсгүүрийн талбайг сонгон хамтран ажиллах тохиролцооны захидал”-д өнгөрсөн дөрөвдүгээр сард гарын үсэг зурж байв.
Монгол Улсын салхины нөөц арвинтай газар нутагт төсөл хэрэгжүүлэх зорилгоор Цогтцэций, Баруун-Урт, Мандалговь зэрэг байршилд СЭХҮТ ТӨААТҮГ, ОУСК болон олон улсын зөвлөхүүд газар дээр нь ажиллан, дэлгэрэнгүй судалгаа хийжээ. Зөвлөхүүд техник, санхүүгийн болон байгаль орчны нэгдсэн дүн шинжилгээ хийж, шугам сүлжээний интеграц, геотехникийн нөхцөл, ложистик, салхины нөөц, байгаль орчны асуудал, нийгэм, биологийн олон янз байдал зэрэгт онцлон төвлөрч, тухайн газруудын эрсдэлийг тооцоолсон аж. Зөвлөхүүдийн зүгээс ажлын тайлан, мэдээллийг Эрчим хүчний сайд болон холбогдох ажлын хэсгийнхэнд танилцуулж, харилцан мэдээлэл, санал солилцжээ. Тус техникийн туслалцааны хүрээнд 100 МВт хүртэлх хүчин чадалтай салхин цахилгаан станц СЦС) барих боломжтой нэг байршил сонгон, төсөл хэрэгжүүлэх бөгөөд 2024 онд ашиглалтад оруулах боломжтой гэнэ. Төслийн худалдан авалт, бэлтгэл ажлыг боломжит богино хугацаанд зохион байгуулах, цаашид амжилттай үргэлжлүүлэхэд анхааран ажиллахаар талууд тохиролцжээ.
Бэлтгэсэн: Ц.Ундрал