Богдхан уулын Дугуйцагааны ойролцоох амралтын газрын барилга, байгууламжийг буулгах ажлыг сурвалжилсан Gerelnews.mn сайтын сэтгүүлч Г.Гэрэлмаагийн камер, утсыг цагдаагийнхан хурааж, зургаан цаг саатуулсантай холбоотойгоор өнгөрсөн баасан гарагт хэвлэл мэдээллийн байгууллагынхны төлөөлөл, МСНЭ-ийн удирдлагын хамт мэдээлэл хийлээ. Ажил, үүргээ гүйцэтгэж явахад нь шууд дамжуулалтыг нь таслан, устгаж, баривчлахдаа цагдаа нар түүнийг хууль бусаар бичлэг хийсэн гэх үндэслэл хэлжээ. Мөн биед нь удаа дараа халдаж, доромжилсныг сэтгүүлч Г.Гэрэлмаа онцолж, Шүүхийн шинжилгээний төвд хандахаа хэлсэн юм. Тухайн үед Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр тасгийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байсан аж.
МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа “Сэтгүүлчийн мэргэжлийн, хууль ёсны үйл ажиллагааг цагдаагийнхан хүч хэрэглэн зогсоожээ. Шууд дамжуулалтаар цацсан бичлэгийг устгасан нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг зөрчсөн, мэдээллийн агуулгад нь халдаж, цензурдсэн үйл явдал. Мэдээллийн агуулгад хяналт тогтоохыг хуулиар хориглодог. Яг жилийн өмнө мөн ийм явдал гарахад Хууль зүй, дотоод хэргийн сайдад гомдол гаргаж байсан. Бидний шаардлагад ЦЕГ-ын дэд дарга О.Амарсанаа хариу ирүүлэхдээ албан хаагчдыг хууль ёсны дагуу ажилласан талаар дурдсан байсан юм” гээд хуулиа биелүүлж ажиллахыг шаардав.
Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын дэд дарга Ц.Ням-Очир дотоод шалгалт хийсэн талаар мэдээлж, сэтгүүлчийн биед халдсан цагдаа болон байгууллагынх нь дарга нарт сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэснийг дуулгалаа. Тэрбээр “Албаны шалгалтаар цагдаагийн алба хаагч сэтгүүлч, зураглаачийн биед халдсан, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд саад учруулсан нь тогтоогдсон” гээд хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудаас уучлалт хүслээ. Нийслэлийн Цагдаагийн газрын дэд дарга бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.Оюутболд нарт албан тушаалын сарын цалинг гурван сарын хугацаанд 20 хувиар хасах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Дамбийням, НЦГ-ын Нийтийн хэв журам хамгаалах газрын Хэв журмын хэлтсийн Эргүүл хамгаалалтын тасгийн дарга, дэд хурандаа В.Даваадорж нарт албан тушаал бууруулах, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Хэв журам хамгаалах тасгийн дарга, хошууч Г.Баянбямбыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх сахилгын арга хэмжээ ногдуулжээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар фэйсбүүк хуудсаараа дамжуулан сэтгүүлчдээс уучлалт хүсээд, “Цагдаагийн байгууллага, алба хаагч нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль болон бусад хуулийг чандлан сахиж ажиллах ёстой. ХЗДХЯ болон цагдаагийн байгууллагын удирдлагуудын зүгээс нийт алба хаагчийн ёс зүй, мэргэжлийн харилцаа, хандлагыг хөгжүүлэх сургалт, судалгаа тасралтгүй зохион байгуулдаг. Энэ удаа ч мөн дээрх цогц арга хэмжээнүүдэд онцгой анхаарч ажиллах талаар холбогдох этгээдүүдэд үүрэг, чиглэл өгч байна” хэмээсэн юм.
Бэлтгэсэн: Б.Уран