Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас “Цэргийн мэргэжлийн аварга түрүүч, байлдагч” шалгаруулах тэмцээнийг төрийн цэргийн байгууллагуудын хугацаат цэргийн алба хаагчдын дунд удахгүй зохион байгуулна. Энэ нь хугацаат цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүй, бие бялдрын түвшинг дээшлүүлэх, харилцан бэлтгэлжилтийн туршлага солилцох, тэргүүн туршлагыг дэлгэрүүлэх зорилготой юм.
Тэмцээн цэргийн хэргийн онолын мэдлэг, биеийн тамирын бэлтгэлжилтийн түвшин, нормативын бэлтгэл, буудлага гэсэн төрлөөс бүрдэх ба байлдагч, түрүүч тус бүртээ шилдгүүдийг тодруулна. Тухайлбал, онолын мэдлэгийг цэргийн дүрэм, оюуны чадавхын түвшин гэсэн хоёр сэдвээр тестээр шалгаж, үнэлэх бол биеийн тамирын бэлтгэлжилтийг “Цэргийн алба хаагчдын бие бялдрын бэлтгэлжилтийн норматив”-ын I цогцолбор дасгал, 24 кг гийр өргөж, 1000 метр гүйлтээр өрсөлдөнө.
Нормативын бэлтгэлийн хувьд гал, үй олноор хөнөөх зэвсгээс хамгаалах, хүн эмнэлэг гэсэн төрлүүдээр, буудлага босоо, суугаа, хэвтээ байдлаас бай онох чадварыг нь шалгана. Энэхүү тэмцээн Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулагдаж байсан бөгөөд төрийн цэргийн байгууллагуудын хувьд анх удаа болох гэж буйгаараа онцлог юм.