“Чулуут тул” төрийн бус байгууллагынхан Сэлэнгэ мөрний эхэд орших Чулуут голд энэ сарын 13-15-нд 410 мянган жарамгай нутагшуулахаар төлөвлөжээ. Тэд 2022 онд төлөвлөгөөгөө 15 орчим хувиар давуулан биелүүлж, зэвэг, хадрангийн 580 мянган түрсийг амжилттай бойжуулсан байна. Үүнээс хадрангийн 170 мянган жарамгайг өнгөрсөн сарын сүүлчээр голд тавьсан бол зэвэг загасны үр төлийг ирэх долоо хоногийн эхээр байгальд нутагшуулах нь.
Тус байгууллагынхан тул болон агнуурын бусад зүйлийн загасыг хамгаалах, зориудын аргаар үржүүлэх, сэргээн нутагшуулах зорилготой “Чулуут тул-2030” төслийнхөө хүрээнд өнгөрсөн хугацаанд зэвэг, хадрангийн 1 730 000 жарамгайг Сэлэнгэ мөрний эхэд нутагшуулаад буй. Харин ирэх долоо хоногт төлөвлөгөөгөө биелүүлснээр энэ тоо 2 140 000 болох аж.