Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэл үргэлжлэх 233.6 км төмөр замын бүтээн байгуулалт хариуцаж буй компаниуд зэрлэг амьтдад зориулсан гарц, гармын стандартыг хэрэгжүүлэлгүй өргөст тор татаж эхэлсэн талаар “Өнөөдөр” сонин анх мэдээлж, “Өмнийн говийн ховор амьтад өргөст торонд хашигдлаа” хэмээх нийтлэлийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд уншигчдадаа хүргэсэн. Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Ирвэс хамгаалах сан зэрэг олон улсын байгууллагынхан энэ үеэр БОАЖЯ-ны удирдлагатай уулзаж, говьд хийж буй бүтээн байгуулалтад хяналт тавин, анхаарч ажиллахыг хүссэн. Үүнээс 10 гаруй хоногийн дараа Ханбогд сумын Жавхлант багийн нутагт хулангийн унага өргөст торонд орооцолдож үхсэн харамсалтай явдал болсон юм. Уг хэргийн дараа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ байгаль орчин, амьтанд халтай ямар ч төсөл, хөтөлбөрийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн бол тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат Зам, тээврийн хөгжлийн төвд санал хүргүүлсэн байдаг.
Төмөр замын өргөст торонд орооцолдож үхсэн хулангийн зураг тухайн үед цахим сүлжээнд тархсан нь уг асуудлыг олон нийтийн анхаарлын төвд аваачсан. Байгаль орчны салбарт ойр хүмүүсээс эхлээд жирийн иргэд хүртэл “Төмөр зам дагасан хядлагаа зогсоо, өнгөрсөн зууны “шорон сэтгэлгээ”-гээ өөрчил” хэмээн уриалж, асуудал дэвшүүлж байв. БОАЖЯ-ныхан ч энэ шуугианаар хэдэнтээ хуралдаж, анхаарч, арга хэмжээ авч байгаа мэтээр мэдээлсэн. Үүнээс хойш хоёр сар орчмын хугацаа өнгөрлөө. Өргөст торны асуудал мартагдав. Өөрчлөгдсөн, өөдөлсөн зүйл алга. Төрийн байгууллагынхан таг чиг, төмөр замын компаниуд ажиг сураггүй, судлаач, мэргэжилтнүүд ч амаа жимийв. Харин энэ зуурт “Тавантолгой төмөр зам” компанийнхан ажлаа урагшлуулж, өргөст тороо буулгах нь бүү хэл, үргэлжлүүлэн сунгажээ. Орон нутгийн байгууллагуудаас илгээсэн албан тоот, шаардлагад тус компани одоо хүртэл хариу өгөөгүй гэнэ.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн шинэ төмөр зам дагуу өргөст тор татаж эхлэхэд л Өмнөговь аймгийн БОАЖГ-ынхан “Тавантолгой төмөр зам”-д албан тоот хүргүүлж байжээ. “Энэ чиглэлийн төмөр замд өргөст тор татах хориотой. Зөрлөг, суурин газар, уул уурхайн бүсэд л хашаа, стандартын шаардлага хангасан, өргөсгүй, аюулгүй тор ашиглаж болно. Ажлаа төлөвлөлтийнхөө дагуу хий” гэсэн шаардлага тавьсан аж. Гэвч үл тоомсорложээ.
Тус газрын ан амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Пунсанцогвоо “Манайхыг албан тоот явуулсны дараа яам бас ижил агуулгатай шаардлага хүргүүлсэн юм билээ. Яаманд ямар хариу илгээснийг мэдэхгүй. Бидэнд одоо болтол хариу өгөөгүй. Тороо үргэлжлүүлээд татаад л байгаа гэсэн. Төмөр замынхан карьераа удахгүй хүлээлгэж өгөх сурагтай. Тэр үеэр энэ асуудлыг ярихаар төлөвлөж байна. Ханбогд сумаас ажлын хэсэг томилж, газар дээр нь ажиллуулсан тухай мэдээлэл ирсэн. Хулан өргөст торонд орооцолдож үхсэн хэргийг Ханбогд сум дахь Экологийн цагдаагийн албаныхан шалгаж байгаа” хэмээн мэдээллээ. “Тавантолгой төмөр зам”-ынхан яагаад хайнга хандаж буйд ихэд гайхширснаа тэрбээр хэлсэн юм. Тэрчлэн энэ асуудал яамны түвшинд яригдаж, өндрөө авсан учраас эергээр шийдэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаагаа ч дурдав. Харамсалтай нь, БОАЖЯ-нд тийм чадамж алга.
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж яамныхаа Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга А.Энхбат, Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн дарга П.Цогтсайхан нарыг байлцуулан тус компанийн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, БОАЖ, ЗТХ-ийн сайдын тушаалаар өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилох, төмөр замын хамгаалалтын торны стандартыг сайжруулах, бодит нөхцөл байдалтай газар дээр нь танилцах асуудлыг тухайн үед хөндсөн. Тэр ч бүү хэл, холбогдох хууль, журамд өөрчлөлт оруулна гэж байв. Гэвч эдгээрийн аль нь ч ажил хэрэг болсонгүй. Төмөр зам хариуцагч компанийнхан уулзалтын үеэр “Байгаль орчин, зэрлэг амьтан хамгаалах чиглэлээр хамтран ажиллана” хэмээн яамныхныг хошхируулаад өнгөрсөн бөгөөд ямар учраас төлөвлөлтөө зөрчин өргөст тор татсан, түүнийгээ хэрхэх талаар тодорхой тайлбар өгөөгүй. БОАЖЯ-ныхан “Тавантолгой төмөр зам” ХХК-иас төмөр замын трассын дагуу гарц, гарам байгуулж байгаа гэсэн ч хаалт, торны тухай дорвитой хариулт хэлсэнгүй” гэж мэдээлсэн юм. Талууд уулзалтынхаа гол шалтгаан болсон асуудлыг хэлэлцэж чадаагүй аж. Төсөл хариуцсан захирал, дарга нар яагаад тайлбар, мэдээлэл өгсөнгүй вэ. Эндээс байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чадамжгүй, нунж дорой байдал тод харагдаж байна. Нөгөөтээгүүр, “Тавантолгой төмөр зам” компани хэчнээн хариуцлагагүй, “том” болохыг харуулав.
Энэ чиглэлийн төмөр зам Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо сумын нутаг дэвсгэрийг дайрч буй. Харин зам дагуулан татсан өргөст торны дийлэнх нь Ханбогд сумд бий гэх. Тиймээс тухайн сумын удирдлага байгаль орчин, зэрлэг амьтдын асуудалд гойд анхаарч байгаа гэсэн мэдээллийг аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн өгсөн. Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтээс газар дээрх нөхцөл байдал ямар байгааг тодруулахад “Бид газар дээр нь очиж танилцан, холбогдох мэдээллийг компанид хүргүүлээд байна. Өргөст тороо буулга гэдэг шаардлага тавьсан. Эргээд хариу мэдэгдэнэ гэсэн” хэмээн ярив. Одоогийн байдлаар 60-70 орчим км газарт тор татсаныг тэрбээр хэллээ. Тодруулбал, нийт замын 30 орчим хувьд ийм “хамгаалалт” хийжээ.
Дээрх сумууд хулан, хар сүүлт зэрэг говийн нэн ховор амьтны тархац нутаг учраас дэд бүтэц төлөвлөлтөд нухацтай хандах ёстой гэж байгаль орчны салбарынхан эртнээс сэрэмжлүүлж байв. Зарим судлаач “Хулангийн тархац нутгийн баруун зах ирээдүйд энэ замаар хязгаарлагдаж болзошгүй” гэж анхааруулсан. Гэтэл төмөр замынхан говийн ховор амьтдын өлгий болсон дархан цаазат газартай залгуулан 60-70 км үргэлжлэх “шорон” бий болгожээ. Хэрэв БОАЖЯ, ЗТХЯ-ныхан үүнд анхнаасаа хариуцлагатай хандаж, “цаас шидэлцэх”-ийн оронд чигтэй шийдвэр гаргасан бол өргөст торны хэмжээ ингэтлээ уртсахгүй байв. Орон нутгийн удирдлага, холбогдох байгууллагынхан цаг тухайд нь хяналт, шаардлага тавьж ажилласан бол ийм асуудал үүсэхгүй байлаа. “Алдаагаа зас, төлөвлөснийхөө дагуу ажилла” гэсэн төрийн байгууллагынхны шаардлагыг захын нэг компани ийнхүү үл хэрэгсэж, ховор амьтдад заналхийлж буй нь манай улс байгаль хамгааллын хууль, түүнийг дагалдах стандарт, журмын хэрэгжилт, дэд бүтэц төлөвлөлтөд анхаарах болсныг илтгэж байна. Ялангуяа тусгай хамгаалалттай бүс, ховор, нэн ховор амьтдын тархац нутагт эдгээрийг чанд мөрдүүлэх шаардлагатайг уг үйл явдал харууллаа.
Монгол Улс төмөр замын өргөст торноос татгалзах бодлого барамталж буйн хувьд нүүдлийн туруутан амьтдад зориулсан гарц, гарам байгуулах үндэсний хоёр ч стандарт баталсан. Дэд бүтцийн салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчид бүгд эдгээрийг дагаж мөрдөх учиртай. Үүний хүрээнд холбогдох байгууллагууд хамтран Дорноговь аймгийн нутагт гурван байршилд 1500 метр өргөст тор буулгаж, цаашид ч ийм ажил зохион байгуулна гэж ЗТХЯ-ны мэргэжилтэн сайрхан ярьсан нь саяхан. Харамсалтай нь, “Тавантолгой төмөр зам” компанийнхан байгаль, зэрлэг амьтан хамгаалах энэ бодлогын эсрэг ажиллаж, үүнээс 46.6 дахин урт өргөст торыг өмнийн говьд татаад байна.