Томоохон голуудын усны түвшин нэмэгдэж, зарим нь үерлэсэн талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн Ус судлалын сектороос өчигдөр мэдээллээ. Хөвсгөлийн уулсаас эхтэй Зэлтэр, Хэнтийн нурууны зүүн, баруун хажуугаас усжих Онон, Эг, Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10- 50 см нэмэгджээ. Алтайн нуруунаас эх авдаг Ховд, Хөвсгөлийн уулсаас усждаг Үүр, Увс нуурын ай савд хамаардаг Хархираа гол үерийн түвшнийг 5-30 см давсан байна. Харин үерийн аюултай түвшинд хүрсэн хоёр гол байгаа нь Онон болон Балж. Тус голуудын усны түвшин Хэнтий аймгийн Дадал сум орчимд 5-10 см-ээр нэмэгдсэн нь өчигдрийн “дээд” үзүүлэлт байв. Ус судлалын секторынхны мэдээлснээр Туул голын усны түвшин өнөөдөр Улистай болон хотын төв хавьцаа 10 см орчим нэмэгдэх төлөвтэй гэнэ. Дээр дурдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй иргэд, аялал зугаалгаар явж байгаа хүмүүс үерийн аюулаас сэрэмжлэхийг цаг уурын байгууллагаас анхааруулав. Түүнчлэн нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон Онцгой байдлын газрын хамтарсан завьт, морьт, мотоциклтой эргүүлүүд энэ сарын 13-наас эхлэн ажиллаж, иргэдийг үер, усны аюулаас хамгаалах аж.