Баянзүрх дүүргийн шүүхээр өнгөрсөн хавар Г.Билгүүн нарын найман хүнд холбогдох хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг шийдвэрлэж, “Э-Лайн” хамтлагийн дуучин Т.Үүрцайх, “Лемонс” хамтлагийн аргил гитарчин Б.Анар болон рок хөгжим сонирхогч Г.Билгүүн, Б.Билгүүн Н.Энх-Учрал, Н.Инжинаш, О.Содбилэг, Э.Бархас нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авч хадгалсан, хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэсэн.
Шүүхээс Т.Үүрцайхад хоёр, Г.Билгүүнд нэг жил 10 сар, Б.Билгүүнд 1.6, Н.Энх-Учралд нэг жилийн хорих ял оноосон бол Н.Инжинаш, О.Содбилэг, Б.Анар нарт зургаан сарын хугацаагаар баривчлах ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм. Уг хэрэгт сэжиглэгдэж байсан залуу дахин мансууруулах бодис хадгалсан хэрэгт холбогдож, УМБГ-т шалгуулж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Сэжиглэгдэж буй залууг Жавхлан гэдэг “Э-Лайн” хамтлагийн хөгжимчин. Тэрбээр тагтан дээрээ мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй, мансууруулах бодисын олон улсын жагсаалтын дөрөвдүгээрт бичигддэг, каннабис буюу олсны төрлийн ургамал хадгалж байжээ. Тэрбээр “Минийх биш, манай хамтлагийн дуучин Т.Үүрцайхынх” гэж цагдаагийнханд мэдүүлсэн аж.
Хууль хяналтын байгууллагынхан түүнийг худал хэлсэн гэж байлаа. Учир нь Т.Үүрцайх нь хоёр жилийн хугацаагаар ял шийтгүүлж, өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих ангид ял эдэлж буй юм.
Р.РАВЖАА