2022 оны зургадугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, "MN-25" телевизийн байранд Э.Цэндбаатар, З.Шинэчагтага нар нь хэвлэлийн бага хурлын хийсэн. Тэд 600 сая төгрөгийн бооцоот тулаан хийх талаараа олон нийтэд мэдээлсэн юм. Гэвч хоорондоо маргалдаж, хэрүүл маргаан үүсгэж, бие бие рүүгээ ус цацсан. Энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 болон 5.3 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй байх тул цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлжээ.
Зөрчлийн тухай хуулиас
5.2 дугаар зүйл.Танхайрах
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
/Энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
Тайлбар: Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.
/Энэ хэсгийн тайлбарыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./
5.3 дугаар зүйл.Хүний биед халдах
1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.