Шүүгчдэгч Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүхийн хэлэлцүүлэг хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх бүрэлдэхүүнд шүүгч И.Ганбат, Б.Батболор, Х.Одбаяр нар багтаж байна. Улсын яллагчаар Б.Хурц оролцож, мэтгэлцэж буй. Өмгөөлөгчөөр О.Санчирбал, Т.Баасанжаргал, О.Даваажаргал, Б.Бат-Ерөөлт, Л.Данзанноров нар оролцож, хууль зүйн тусламж үзүүлж байна. Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн үеэр өөрийн гэм буруугаа хүлээж, талийгаачийн ар гэрийнхэн болон өөрийн аав, ээж, гэр бүлээс уучлал хүссэн юм. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Э.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг амьдралаа өөрөө аваад явж чадна хэлсэн, гэхдээ гурван хүүхдийнхээ сургалтыг төлбөрийг насанд хүрэх хүртэл нь төлүүлэх саналтай байгаагаа илэрхийлсэн.
Н.Түвшинбаярын өмгөөлөгч “Цогцост шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа өөр өөр гаргасан. Аса медикал эмнэлэгт долоон сар эмчлүүлсэн эмчилгээний картыг баримтаар аваагүй, зөвхөн сүүлд хохирогчийн хэвтсэн эмнэлгийн хоёр хуудас дүгнэлтийг нь хавтаст хэрэгт хавсаргасан. Мөн Үндсэн хууль зөрчиж нотлох баримт бүрдүүлсэн. Монголын эмч нар эмчлэх боломжгүй гэснээс бус нас барсан гэх дүгнэлт гаргаагүй. Мөн Солонгосын эмч биеийн байдал дээрдэж байна гэсэн. Н.Түвшинбаяр хохирогчийг шууд үхэлд зориуд хүргээгүй. Зарим зүйлчлэл буруу гэж үзэж байна" хэмээв.
Харин улсын яллагч Б.Хурц “Хохирогчийн тархи нь хэдийн үхэжсэн, зүрх нь тоног төхөөрөмжийн дэмээр 8 сар 22 хоног ажилласан. Энэ бол урт удаан хугацаанд шаналсны баримт. Шүүгдэгч онц харгис аргаар хүнийг хөнөөсөн. Өөрөөр хэлбэл, 2021 оны дөрөвдүгээр сарын 22-нд Н.Түвшинбаярт зодуулж, гэмтэл аваад хэдийн клиник үхэлд орсон. Цаг хугацааны хувьд найман сар шаналсан. Түүнээс хойш гэрийнхэнтэйгээ ганц ч үгүй сольж, хэлж чадаагүй. Тиймээс шүүгдэгчийг 19 жил хорих санал гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 буюу Хүнийг онц харгис хэрцгийгээр алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэсэн яллах дүгнэлтээ зөв хэмээн үзэж байна хэмээлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Санчирбал "Хохирогчийн ар гэрийнхэн 2.7 тэрбум төгрөг гар дээрээ аваагүй. Эмнэлгүүд рүү шилжиж байсан юм билээ. Мөн Н.Түвшинбаяр миний толгойноос цус гарсан гэж ярьсан. Гэтэл хэргийн газраас авсан бүр арчдасаас түүний цус болох нь тогтоогдсон нэг ч шинжилгээний хариу гараагүй. Хохирогч ухаан оролгүй байсаар нас барсан. Тиймээс улсын яллагчийн яллах дүгнэлтийг дэмжиж байна" гэв.
Шүүгдэгчид эцсийн үгээ хэлэх боломж олгоход тэрбээр "Талийгаач, найзынхаа ар гэрээс чин сэтгэлээсээ уучлал хүсье. Тэр миний хамгийн сайн найз байсан. Би найзыгаа тийм болгоно гэж бодоогүй. Монголын ард түмнээсээ уучлал хүсье. Би эцсийн мөч хүртлээ найзынхаа үр хүүхэд, гэр бүлийг бүх чадлаараа дэмжих болно. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ танхимд суугаа хүмүүсээс уучлал хүсье. Надад боломж олговол талийгаачийн ар гэрийнхэнд насан туршдаа тусална" гэсэн юм. Шүүх бүрэлдэхүүн түүнд 16 жилийн ял оноолоо.
Тодруулбал,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд шүүгдэгч Н.Түвшинбаярт холбогдох хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа.
Шүүгдэгч Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр” үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо. Шүүхээс Н.Түвшинбаярыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн хэргийг Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан өршөөн хэрэгсэхгүй болгосон.
Шүүгдэгч Н.Түвшинбаяраас амь хохирогч Э.Энхбатын эмчилгээний зардал болон оршуулахтай холбоотой, бусад зардалд нийт 2,783,502,420 /хоёр тэрбум долоон зуун наян гурван сая таван зуун хоёр мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгт төлсөн байна. “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэргийн хохирогч болох “Хангай констракшн” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч нь тавилга, эд зүйлсийг бүрэн засварласан шүүгдэгч Н.Түвшинбаяраас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй талаарх тайлбараа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгээс хэрэгт баримтаар гаргаж өгсөн зардлыг шүүгдэгч Н.Түвшинбаяр нь төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэг нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлсний үндсэн дээр шүүгдэгч Н.Түвшинбаяраас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.