Дорнод аймгийн Дашбалбар, Гурванзагал сумын зааг дахь Улааны холимог металлын ордод үйл ажиллагаа явуулж буй, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийнхан Монгол Улсын хууль тогтоомж зөрчиж, байгаль орчинд хохирол учруулж байгаа талаар манай сонин удаа дараа мэдээлж байсан. Тодруулбал, хаягдлын далангаасаа хөрсөнд химийн хорт бодистой ус алдаж, байгаль орчныг бохирдуулан их хэмжээний хохирол учруулсантай нь холбогдуулж, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тус уурхайг хаалгах санал хүртэл БОАЖЯ-нд хүргүүлсэн билээ.
Тэгвэл өчигдөр тус компанийнхантай холбоотой мэдээллийг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас өглөө. Тус албаны дэд дарга, хурандаа Т.Баатар “Цагдаагийн байгууллага “Шинь шинь” ХХК-тай холбоотой, байгаль орчин бохирдуулсан асуудлыг 2013 оноос шалгаж байсан. Түүнээс хойш 2018 онд дахин шалгаж, шинжээч томилон холбогдох албаны шинжээч нар 2020 оны арванхоёрдугаар сард газар дээр нь шинжилгээ хийсэн. Хөрс, ус гээд олон шинжилгээ хийх шаардлагатай болсноос хариу удаж гарсан. Экологийн шинжилгээ хийсэн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөрийг тооцож, хөрсөнд хүнд металлаас учруулсан хохирол нь 427 сая төгрөг гэдгийг тогтоосон. Харин хаягдлын далангаас химийн хорт бодистой ус шүүрч хөрс бохирдуулсны нөхөн төлбөр 245 сая гээд нийт 672 сая төгрөгийн хохирлыг байгаль орчинд учруулсан гэж шинжээчид тогтоосон байгаа. Эдгээрт үндэслээд энэ оны гуравдугаар сард “Шинь шинь” компанийг яллагдагчаар татах тогтоол прокурор баталсан. Тус компанийн Монголын талын захирлаас нь байцаалт авч, яллагдагчаар татах тогтоолоо танилцуулан хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад хүргүүлээд байна” гэлээ.